Нэг орноос нөгөө рүү нислэг үйлдэн, гадаад орнуудад хамгийн удаан хугацаагаар айлчилж байгаа Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНСУ-д айлчлахын өмнөхөн Герман улсыг зорьсон тэрбээр Хятад зэрэг оронд үргэлжлүүлж ажилласаар одоо Швейцарын Давос хотноо саатжээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хамтаар оролцож байгаа аж.
Харин сайдын эзгүйд Монголд шатахууны үнэ өсөв. Сааль сүүний цагаар ажлаа хаяад явдаг сайд байж таарах уу.
Нефтийн үнийн асуудлыг Засгийн газраас зохицуулаагүй байгаа учраас өдөр алгасалгүй шахам л эл сэдвийг тойрсон хэвлэлийн хурал зарлагдаж, эцэс сүүлд нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо ч хошуу дүрэхээс аргагүйд хүрэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд аа, эх орондоо саатаж, шатахууны асуудлыг даруй зохицуулаач ээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, зохиомол хомсдол үүсгэсэн тул торгууль ногдуулах арга хэмжээ авна” гэж байхад яамны тань “цэрэг” “Нефтийн үнэ өсөхөөс аргагүй нөхцөл үүссэн” гэж байна.
Хэнд нь итгэх вэ. Олон нийтийн хилэнг бадруулж байгаа нефтийн үнийн асуудлыг нэг талд нь гаргахгүй бол цаг алдаж гүйцлээ.
Гадаадад “аялах” гэж сайд болсон юм уу, салбарын асуудлыг зохицуулах гэж сайд болсон юм уу. Салбарын тань ажил эзэнгүйдэж, гүйцлээ.
Г.Хорол
Эх сурвалж:zuv.mn