Төр шахааны бизнесийг дэмжиж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан нэгэн ноцтой зөрчил гарчээ. Төр, төрийн үйл ажиллагаанд хяналт үгүй болж, төрийн өмч хөрөнгө, төсөв санхүүг зүй бусаар зарцуулагчдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо үгүй болсноос төсөв эрх мэдэлтнүүдийн гарын салаа бүрээр урссаар байна.
Худалдаа хөгжлийн банк хоёр жилийн өмнө Хөгжлийн банканд 27 тэрбум төгрөгөөр оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг "шахсан" байна. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 06-ны өдөр "Хөгжлийн банк" нь "Худалдаа хөгжлийн банк"-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ үзэглэжээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банканд маш өндөр үнэтэйгээр байрыг шахсан байгаа юм. Худалдаа хөгжлийн банк нь одоо "Хөгжлийн банк"-ны байрлаж байгаа 11, 12 давхарын оффисын зориулалттай 3 240 м2 талбайг худалдахдаа нэг метр квадратыг нь 8,3 сая төгрөгөөр үнэлж, 27 тэрбумаар, мөн тус байрны В1 давхарт байрлах 10 ширхэг автомашиныг зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн худалджээ.
Ийнхүү нийтдээ 27 тэрбум 775 сая төгрөгөөр "Хөгжлийн банк" байртай болсон аж. Гэхдээ Худалдаа хөгжлийн банк нь 14 давхар барилга бариулсан өртгөөрөө л хоёрхон давхарыг нь төрд худалдаж, зардлаа нөхөн бас ч үгүй 775 сая төгрөгийн ашиг харсан наймаа хийсэн байна.
Тус байрыг Худалдаа хөгжлийн банкны захиалгаар "Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын "Өндөр буянт" ХХК барьжээ. Тус 14 давхар барилгыг 27 тэрбумаар бариулсаныг УИХ-ын ажлын хэсэг шалгалтаар тогтоосон байна. Тиймээс л нэр бүхий гишүүд "Худалдаа хөгжлийн банк" нь 27 тэрбум төгрөгөөр бариулсан 14 давхар байрныхаа хоёрхон давхарыг Хөгжлийн банкинд 28 тэрбум төгрөгөөр шахсан нь луйвар гэж үзэж байв.
Ингээд Худалдаа хөгжлийн банкинд байрных нь хоёр давхарыг буцааж өгөөд 27 тэрбум төгрөгийг олж авах үүргийг УИХ-аас "Хөгжлийн банк"-ны удирдлагуудад өгсөн байдаг. Хөгжлийн банкны удирдлагууд энэ асуудлаар Худалдаа хөгжлийн банкинд хандаж, наймаагаа буцаах асуудлыг ярихад "...талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүргийг дуусгавар болгосох байх тул дээрх гэрээ дуусгавар болсон байна.
Иймд, танай банкнаас ирүүлсэн албан бичигт дурдсанчлан бүрэн хэрэгжиж дуусгавар болсон гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг үүгээр уламжилж байна" гэх хариуг өгчээ. Бүдүүлгээр хэлбэл Худалдаа хөгжлийн банк " зарагдсан барааг буцаахгүй, бандан тас" гэх хариултыг Хөгжлийн банкны удирдлагуудад өгсөн байна.
Хоёрхон давхарыг бүхэл бүтэн 14 давхар барилга бариулсан өртгөөр худалдаж авсан "Хөгжлийн банк" аргаа барахдаа тус байрыг түрээслүүлэхээр сонинд зар өгч үзсэн байна. Гэвч үр дүнд хүрээгүй аж. Тийм өндөр үнэтэй оффисыг түрээсэлдэг, худалдаж авдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж хаа байхав. Төр л төсвөө үрж, ядсандаа л тийм өндөр үнэтэй оффисыг худалдаж аваа биз.
Татвар төлөгч бидний эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зарцуулахаар төсөвт төвлөрүүлдэг мөнгийг хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор улаан цайм дээрэмдэж байгаа энэ үйлдлийг хэн хийв? Энэ хуйвалдаан, луйврын чанартай үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд хэн нь гарыг үсэг зурав?!
Хоёр талын байгуулсан гэрээнд Худалдаа хөгжлийн банкыг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, холбогдох орлогч захирлууд гарын үсэг зурсан бол Хөгжлийн банкыг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гарын үсэг зуржээ. Ямартай ч Хөгжлийн банкны энэхүү хэрэг дээр АТГ ажиллаж, тус байрны хоёр давхар, граж нь 27,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үү, үгүй юу гэдгийг дахин үнэлэх юм байна. Мөн тухайн оффисыг худалдан авах гэрээ хийсэн захирал асан Н.Мөнхбатыг гэрийн хорионд шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Худалдаа хөгжлийн банкны даварсан үйлдэл 27,7 тэрбумаар ч зогсоогүй байна. Хөгжлийн банк нь тус байрны 11, 12 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн өдрөөсөө эхлээд л СӨХ-д сар бүр 20 сая төгрөгийг төлсөөр иржээ. Харин шинэ удирдлагууд нь 20 сая төгрөг их байна хэмээн үзэж сар бүр 9 сая төгрөгийг СӨХ-нд тушаадаг болсон байна. Ийм л увайгүй, хуйвалдаан, луйвар төрд газар авсаар одоо цагаандаа гарч байх шиг...
"Бизнесийнхэн улстөрчдөд хандив, тусламж нэрээр мөнгө өгч, эргээд өөрсдийн бизнесийг дэмжүүлж байна. Энэ нь "Мөхлийн гурвалжийнг" бий болгож, төрийн үйл ажиллагаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө боллоо" хэмээн хуульч, судлаач ярьсан байдаг. Тэгэхээр хаана хаанаа эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсож, цагаан захтай, соёл "үнэртүүлсэн" "брэн үзэгтэй" хулгайч нарын зурсан гарын үсгэнд хариуцлага тооцох цаг иржээ. Энгийн нэг иргэний гарын үсэг, амь амьдралтай нь тэнцдэг бол эрх мэдэл бүхий төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсэг ч гэсэн мөн амь амьдрал, албан тушаалтай нь тэнцдэг байх учиртай. Тэгэхгүй бол төсөвт хоноцийн сэтгэлээр хандаж, бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчилсэн луйварчдын балгийг татвар төлөгчид нуруундаа үүрч, бүсээ чангалсаар удахгүй "тасарч" унах биз ээ
эх сурвалж:zarig.mn