Монгол Улсын Засгийн газар хэмнэлтийн бодлогоор ажиллана. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд асуудлыг илүү нааштай харах ёстой хэмээн ярих хүн олон. Энэ ч үүднээсээ Ард түмнийхээ ачааг нэмж, арав таван татвараа нэмэгдүүлж, орлого бүрээс нь хумслах бодлогыг олж авсан нь өнөөгийн төр. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохын тулд 7 төрлийн татвар нэмэгдүүлсэн билээ.
Татвар нэмэгдсэний улмаас шатахууны хомсдол үүсч, үнэ нь өсч, компаниуд нь алдагдалтай ажиллаж байна хэмээн гомдол мэдүүлэх боллоо. Шатахуун импортлогч нар өнөөдөр ч гомдол мэдүүлсээр байгаа. Засгийн газраас өргөн хэрэглээний А-80, А-92 шатахууны онцгой албан татварыг тэглээд байна. Гэвч энэ нь хангалттай биш хэмээн гомдол мэдүүлэх боллоо.
Энэ мэт иргэдийн бухимдалтай зэрэгцэн Засгийн газрын сайд нарын авто машины тансаглал түмний дургүйцлийг төрүүлж байна. Тухайлбал дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 2017 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд хилээр орж ирсэн Лексус570 авто машин юм. Уг авто машин нь 380 орчим сая төгрөгийн үнэтэй. Энэхүү авто машиныг Монголд орж ирсэн дор нь худалдан авч, Хууль зүй дотоод хэргийн сайдад өгсөн хэмээн нийгмийн сүлжээнд бичээд байгаа билээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд ч энэ талаараа ам нээсэн. Надад хувиарлаж өгсөн авто машин нь энэ. Би ийм машин унах гэж захиалаагүй. Өгсөн учраас л унаж байгаа хэмээсэн юм.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хувьд АСЕМ болоход худалдаж авсан авто машиныг сайд нарт тарааж өгсөн. Зарах гээд зарагдахгүй байгаа учраас хэрэглэхгүй байлгаж байхын оронд сайд нарт тараасан хэмээн тайлбарлав.
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн унаж байгаа Лексус570 гэдэг авто машин нь АСЕМ-ийн үед худалдан авсан машин биш. Харин 2018 онд хилээр орж ирсэн авто машин. Тэнэг хүнийг маллах мэт тайлбарыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хийсэн нь харамсалтай.
Харин Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд авто машиныг хэрүүлийг намжаахыг хүссэн бололтой. Миний хувьд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг тэр машинаа зарж, мөнгийг нь төсөвт оруул гэж хэлсэн байгаа. Ер нь Улаанбаатар хот дотор жижиг оврын авто машин унах хэрэгтэй хэмээн хэлээд амжив.
Засгийн газар гэдэг танхимийн зарчмаар ажиллах ёстой. Ардын засгийн бодлого яг хэн нь тодорхойлж, хэн нь чиглүүлж, хэн нь хэрэгжүүлж байгаа нь үнэндээ ойлгомжгүй мэт дүр зураг ганцхан авто машин дээр л харагдчихлаа. 380 сая төгрөгийн үнэтэй Лексус570 авто машиныг авсан нь гүрийж, өгсөн нь будилж, удирдлага нь үүрэгдэж байгаагаас харахад нэгдсэн ойлголт тэдэнд алга бололтой.