“Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.
Ийнхүү өнгөрсөн онд Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт орохдоо Монгол улсын хүлээсэн үүргийн нэг болох тэтгэврийн насыг нэмэх шийдвэрээсээ Засгийн газар ийнхүү буцахаар болж байна. Монгол Улсын хүн амын дундаж наслалт, мөн ажлын орчин зэргийг харгалзан үзэж Тэтгэврийн насыг нэмэхгүй байх талаар иргэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага Засгийн газарт анхааруулж байсан. Гэвч олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн үүрэг хэмээж Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг шийдвэрийг Улсын Их Хурлаар гаргуулж байсан билээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар уг шийдвэрийг цуцлах хүсэлтээ ийнхүү УИХ-д өргөн барихаар болж байна.
Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэх бодлогыг баримтлахаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд байна. УИХ-ын чуулган 2 сарын 10 гэхэд завсарлах хуулийн зохицуулалттай билээ.
Үүний зэрэгцээ цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Эдийн засгийн уналт зогсон, өсөлт төсөөлж байснаас илүү гарч, энэ онд 4,2 хувиар өсөх төлөвтэй, төсөв, санхүүгийн сахилга бат, хариуцлага сайжирсан зэрэг үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм шийдвэр гаргасан. Үүнийг Олон улсын валютын сан ч дэмжсэн гэнэ.
Өнгөрсөн хугацаанд эдийн засаг өсч, төсвийн орлого, Дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн, зээлжих зэрэглэл ахисан, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, малын тоо өссөн зэргийг Ерөнхий сайд дурдав.