АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг шүүмжлэв. Тэрбээр "У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногоо сүр дуулиантай тэмдэглэлээ. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлын 32 ажлын 70 гаруй хувийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийчихсэн ажил байна. У.Хүрэлсүх ажил хийсэн дүр үзүүлэх гэж хамж, шимж оруулж болох бүхий л ажлыг 32 ажилдаа багтаасан байна.
Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнийг илрүүлсэн гэж хийсэн ажилдаа оруулчихсан байна. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажил биш шүү дээ. Харин Монголын хуулийн байгууллагын хийх ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана гэж 100 хоносон ч зарласангүй. Хэрвээ захиалагчийг зарласан бол Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрэх байлаа. Сүржин мэдэгдэл хийдэг даржин гүйцэтгэлтэй байдал байдлаа болих хэрэгтэй. Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайдаар таван удаа ажиллалаа. Энэ хүн С.Зориг агсны хэргийн нарийн учигийг энэ хүн мэдэхийн дээдээр мэднэ.
Чингис бондын өрийг дарсан гэж сүржин зарласан мөртлөө евро бондын 680 сая долларын өрийг дарсанаа олон нийтэд мэдэгдээгүй. Евро бондын өрийг Сү.Батболдын Засгийн газрын үед авсан. Энэ 680 сая долларыг ямар бүтээн байгуулалтад оруулсан нь тодорхойгүй. Энэ өрийг Хубалай бонд гаргаж байж дарсан. МАН өрийг өрөөр дарахгүй гэдэг амлалтаасаа буцсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улс орон, ард түмэнд хэрэгтэй яг ямар ажил хийгээд байгаагаа Засгийн газар хэлж чадахгүй байна. Аль салбарын санхүү эдийн засаг сайжирч, ард түмний амьдрал яаж дээшлээд байгаа юм. Бодитой үр дүнгүй байна шүү дээ. ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр хийв. Энэ бүхэнтэй бид эвлэрч чадахгүй ээ. ЧИнгис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна. Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн" гэлээ.
Эх сурвалж: zaluu.com