Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын хөгжлийг нэг алхам урагшлуулах амлалт өгч дарга болсон нэгэн. НИТХ-ын өмнөх даргатайгаа сөргөөцөлдөж, үгээрээ давшлан, үйлдлээрээ ч түлхэн унагааж уг албан тушаалд томилогдсон билээ.
Засгийн газар дэнжгэнэж, УИХ-ынх нь бүлэг 2 хуваагдсан дуулиантай зэрэгцүүлэн НИТХ дахь МАН-ын бүлэг ч 2 талцаж, улс төр өрнүүлж эхэлсэн билээ. Энэ шуугиантай зэрэгцэн асуудал өрнүүлж, албан тушаал ахисан хүмүүсийн нэг нь С.Амарсайхан гэхэд дэгстүүлсэн болохгүй л болов уу? Албан тушаал авах нь нэг хэрэг. Харин авсан албан тушаалынхаа эрэмбийг ашиглаж, ажил хийх нь чухал юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан албан тушаалаа авсан цагаас хойш бодитой, иргэдийн амьдралд нийцэхүйц ажил хийж харагдсангүй. Яахав ганц нэг хурал зарлаж, тэрхүү хурал дээрээ хариуцлага, ажилдаа ирэх зэргийг албан тушаалтан болон НИТХ-ын төлөөлөгч нарт сануулж байгаа харагдав. Телевизийн камер, сэтгүүлчдийн өмнө сануулахаас гадна өөрийн зангараг, нөлөөгөөр НИТХ-ын төлөөлөгчдийг цуглуулах чадал бас байх хэрэгтэй.
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдрийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нэгэн шийдвэр гаргажээ. Энэ нь Баянзүрх дүүргийн 12-р хороог Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгох юм. Та бидний мэдэх Амгалангийн орчимд хамаарах энэхүү хороо нь ганцхан хоёр барилгатай. Бусад бүхий л хэсэг нь гэр хороолол. Уг хороо нь амьдралын төвшин бага, ажилгүй иргэд олонтой нийслэлийн хорооны нэг нь.
Баянзүрх дүүргийн 12-р хороонд Жанжин клуб байдаг нь үнэн. Уг клуб нь Д.Сүхбаатарын ажиллаж, амьдарч байсан барилга. 1920-иод оны дүр төрхөөрөө уг барилга утаатай Улаанбаатарын гэр хорооллын дунд бүрсийж байна. Энэхүү клубын барилгыг тойруулсан хийсэн ажил алга. Сайжруулсан зүйл байхгүй.
Хорооны хувьд нутаг дэвсгэрт нь Жанжин клуб байхаас өөр бодитой Д.Сүхбаатар жанжинтай холбоотой зүйл байхгүй. Гол нь хороо нь хөгжил хоцорсон, өрхийнх нь дийлэн нь ядууралд өртсөн, хүүхдийн мөнгөөр амь зогоосон өрх олонтой. Ийм хороог нэг хүний нэрэмжит болгох гэж ажил хийхийн оронд иргэн нь орлоготой, хорооны зам харгуй, гудамж талбай нь гэрэлтэй болчих юм бол тэнд амьдарч байгаа иргэн бүр НИТХ-ын дарга С.Амарсайхан танд танд талархах болов уу. Д.Сүхбаатарын нэрэмжит хороо боллоо гээд БЗД-ийн 12-р хорооны иргэд лав өнөөдөр гэдэс цатгалан хонож, шөнө гудамжаар тайван алхан гэртээ орох боломжгүй л байгааг санаарай.