Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит 3-р чуулганы хуралдаан 2018 оны 02-р сарын 04-ний өдөр Улаанбаатар Чуулгын концертын танхимд зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалт нь “МИНИЙ ХОТ-МИНИЙ УЛААНБААТАР” сэдвийн дор “Залуучуудын хөгжил ба оролцоо”, “Метрополис хот- Шинэ УБ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм.
Метрополис хот
Их хотын соёл гэдгээр бид өндөр барилгууд, цэвэрхэн гудамж, цэцэрлэгт хүрээлэн, тансаг машин төсөөлөх нь учир дутагдалтай. Улс үндэстний уламжлал, соёлын урсгал чиглэлээ улам бүр баяжуулж орчин үеийн хэв маягийг цогцлоосон их хотын соёлыг бий болгох нь мэтрополис хотын нэгэн чухал хэсэг юм. Энэ соёлыг гол авч явдаг бүлэг бол залуучууд юм.Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч, сурч байгаа залуучуудын оролцоо чухал юм. Нийт залуучуудын 50 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна. Улаанбаатар хотыг хэрхэн дэлхийн жишигт хүрсэн залуусын хот болгох вэ гэдэг нь залуучууд бидний гарт байна.
Одоогийн Улаанбаатар
1639 онд шаваа тавьсан Өргөө хот өдгөө Улаанбаатарын дүрийг олжээ. Гэсэн ч хотын 60 орчим хувийг гэр хороолол эзэлж, олон төрлийн бохирдлыг үүсгэсээр байна. NUMBEO.COM сайтад тавигдсан судалгаагаар Улаанбаатар хот бохирдлоороо дэлхийд 11, Азидаа 9 дүгээрт бичигдэж байна. Мөн хот төлөвлөлт, хаягжилт, байршил нь нийслэлийн томоохон асуудлын нэг. Тухайлбал “Uber” /такси дуудлагын апп/ шиг аплейкэшн бүтээлээ ч хот нь хүлээж авах чадамжгүй. Учир нь ойлгомжгүй хаягжилт, замбараагүй байршил, замын түгжрэл нь энэ боломжийг хааж байна.
Залуучуудын оролцоо ба хөгжил
Нийгмийн, эдийн засгийн, хувь хүний хөгжил зэрэг бүхий л хүчин зүйлээс тухайн улсын хөгжил хамаарна. Өнөөдөр бид хөгжлийг зөвхөн өндөр барилга, техник технологийн дэвшилээр төсөөлж болохгүй юм. Боловсрол, мэдлэг, ур чадварын түвшин нь тухайн орны урт хугацааны эдийн засгийн өсөлт, хөгжилд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсүүдийн нэг болдог. Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн. Тиймээс залуучууд бид шударга нийгмийг цогцлоож, тогтвортой хөгжлийг манлайлж, шинэчлэлийг түүчээлж ажиллахын тулд эхлээд өөрсдийн сэтгэлгээг өөрчилж, оролцоогоо нэмэгдүүлж нийгмийн дуу хоолой болох нь чухал байна.
Энэхүү чуулга уулзалтаар Метрополис хотыг бүтээн байгуулахад Нийслэлийн залуучуудын оролцоо ямар чухал гэдгийг хэлэлцүүлэн, тэдний саналыг сонсож, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаарх саналыг боловсруулах юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүргийн 500 гаруй төлөөлөгч оролцож байна.
Бид ямар ирээдүйг хүсч байна, тийм ирээдүйг бүтээж чадах залуучуудыг бэлтгэх ёстой.