Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нарын гишүүд хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байна.
Асуулгад аливаа улс орон холыг харсан хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой зорилго, зорилтуудтай байж хурдтай хөгждөг жамтай гэдгийг тодотгоод монгол төрийн бодлого тодорхой байж тогтвортой хэрэгжих ёстой гэдгийг онцолжээ.
Асуулга тавьсан гишүүд тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр нь нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, баян хоосны хэт их ялгарлыг бууруулж, “хэнийг ч ардаа үлдээхгүйгээр” хөгжих явдал чухал гэдгийг тэмдэглэсэн байна. Тиймээс УИХ-д суудал бүхий намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж, 2016 оны УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тодруулжээ.
Энэхүү хөгжлийн бодлогодоо нийцүүлэн дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлого, зорилтоо тодорхойлох нь улс орны хүн хүч, баялаг, хөрөнгө санхүүгийн нөөцийг оновчтой зөв хуваарилах, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг эртнээс судалж бэлтгэн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тогтвортой хөгжлийн зорилт батлагдсанаас хойш даруй 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч зорилтод тусгагдсан хөгжлийн бодлого, зорилтууд хэрхэн хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл хангалтгүй байгаа тул гишүүд ийнхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьжээ.
Тэд асуулгадаа Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох зорилт хэрхэн хэрэгжиж байгаа, түүний хэрэгжилтийн явцад аль байгууллага хэрхэн хяналт тавьж ямар дүн шинжилгээ хийж байгааг тодруулахыг хүсчээ.
Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр жил бүрийн улс, орон нутгийн төсөвт хүрэлцээтэй тусч байгаа эсэх, Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа, хэлэлцэн батлуулсан салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөр, зорилтууд нь Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгааг асуулгадаа асуужээ.
Тэрчлэн 2020 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр үе шатанд тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх талаар тодорхой хариулт боловсруулж ирүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна.
Дашрамд дурдахад УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолд зааснаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд танилцуулж байх заалттай юм байна.
Мөн 2016 онд болсон УИХ-ын сонгуульд оролцсон улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дээрх бичиг баримттай уялдуулан боловсруулж өрсөлдөж байсан юм.