-Б.Туул нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ерөнхий шүүгч асан, УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан гомдлыг удаа дараа буцаасан гэж нэр нь яригдаад байгаа шүүгч Ж.Эрдэнэчимэгийн охин юмбайна. Хэний ч хүүхэд хаана ч ажиллаж, сурч болно. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм. Гэхдээ МИАТ компанийн захирал Т.Тамирын гаргасан тушаалууд нь МИАТ компанийн жирийн нэгэн ажилтанд бол үйлчлэхээргүй логиктой харагдаад байгаа юм-
Монголд төрийн өмчит хэдэн компани бий. “Эрдэнэт үйлдвэр”-ээс эхлээд уул уурхайн том компаниуд, ганц нэг банк, дулаан, цахилгаан түгээх станцууд, за тэгээд үндэсний ганц авиа компани болох МИАТ байдаг юм.
Нэр дурдагдсан компаниудыг шалгавал “шахаа” гэдэг юм тэр чигтээ байдаг гэдгийг улстөрчид өөрсдөө ам нэгтэй батлан хэлдэг. Бүр баримт сэлттэйгээр гарган тавьдаг. Гэтэл өнөөг хүртэл энэ шахааны бизнесийн буруутнууд хариуцлага хүлээсэнгүй.
Яагаад гэвэл шахааны бизнесийн хүрээнд голлох төслийг авдаг томчууд нь төрийн эрх баригчид. Тийм учраас тэд өөрсдийгөө шалгуулахгүй байх бүх нөхцлийг бий болгодог. Мэдээж эрх барих түвшинд ажиллаж байхдаа энэ том мөнгөний эх үүсвэрийн судсыг атгадаг.
Харин сөрөг хүчин болчихоор “шахаа”-г шалгуулах бяр нь хүрэхээ байчихдаг. Нэг ийм тойрог дунд төрийн өмчтэй хэдэн компани эрх мэдэлтнүүдийн мөнгөний уут болоод яваад байдаг бололтой юм. Яг үнэндээ төрийн өмч гэдэг нь төрийн эрхтэн дархтнуудын мэдлийн юм гэсэн үг биш. Нарийн яривал, ард түмэнд хамаарах, бүх нийтэд хүртээлтэй зүйл.
Тэгвэл шахааны бизнесийн хамгийн том байны нэг болдог МИАТ компанитай холбоотой тааруухан мэдээ, баримтууд сүүлийн өдрүүдэд нэлээд цацагдаж байгаа харагдлаа. Эд бүгдээс харахад, тэнд асуудал нэлээд байгаа бололтой.
Өмнө нь тус компанийн захирал Т.Тамир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаатны дүү Т.Эрдэнийг МИАТ-д багахан хугацаанд ажиллуулаад Лондоны Брунейн их сургуулийн Бизнес удирдлагын магистрт суралцуулахаар 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тушаал гаргаж явуулсан. МИАТ компанид онцын чухал шаардлагагүй мэргэжлийн шат ахиулахаар зардалд нь 104 сая төгрөг гарга хэмээн тушаал гаргасан гэх мэдээлэл ил болсон.
Тэгвэл үүнтэй төстэй бас нэгэн мэдээлэл байна. Т.Тамир захирлын 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тушаалаар МИАТ компанид Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр ажилд ороод удаагүй Б.Туулыг Австрали улсад 1.5 жилийн магистрын сургалтад явуулахаар шийдвэрлэжээ. Түүний зардалд МИАТ компаниас 78 сая төгрөгийг гаргасан байгаа юм. Бас л хачирхалтай явдал болсон нь сургуульд суралцуулах гэрээг 2016 оны арваннэгдүгээр сарын 15-н буюу захирлын тушаал гарахаас сар гаруйн өмнө байгуулжээ.
Энэ бүхний учрыг тайлж магадгүй нэгэн холбоосын тухай МИАТ компани даяар ярьж байна. УИХ-ын гишүүн Лу.Болд Б.Хурцыг элчингээр томилогдох үед чуулганы хуралдаан дээр “...Б.Хурцын талаар гаргасан гомдлыг минь шүүх удаа дараа буцаалаа” гэж ярьж байсан. Тэгвэл Б.Туул нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ерөнхий шүүгч асан, УИХ-ын гишүүн Л.Болдын гаргасан гомдлыг удаа дараа буцаасан гэж нэр нь яригдаад байгаа шүүгч Ж.Эрдэнэчимэгийн охин юм байна. Хэний ч хүүхэд хаана ч ажиллаж, сурч болно. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм. Гэхдээ МИАТ компанийн захирал Т.Тамирын гаргасан тушаалууд нь МИАТ компанийн жирийн нэгэн ажилтанд бол үйлчлэхээргүй логиктой харагдаад байгаа юм.
Т.Тамир хэний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэж МИАТ-д орж ирэв
Үүнээс гадна Катерингийн үйлчилгээний тендертэй холбоотой бас нэг асуудал байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанид өндөр үнээр бараа “шахаж” хөлжсөн эрх мэдэлтнүүд, тэдний гар хөл бологчидтой холбоотой баримт гэсэн үг. Тэд МИАТ-ийг онилоод олон жил болж байгаа талаар мэдээлэл гардаг ч тэгсгээд дарагдаад өнгөрдөг. Тэгвэл бид МИАТ компанид БНХАУ-д угсарсан, шаардлага хангахгүй катерингийн буюу онгоцны хоол зөөдөг машиныг хэт өндөр үнээр шахсан байж болзошгүй талаар баримт, мэдээлэл олсноо хүргэж байна.
МИАТ компани 2017 онд катерингийн машин худалдаж авах тендер зарласан боловч тодорхойгүй шалтгаанаар тендерийг хүчингүй болгож, улмаар “Харцага-Уул” гэх компаниас хоол зөөх машиныг шууд худалдан авах гэрээг 2017 оны зургадугаар сард байгуулсан байна.
“Харцага-Уул” компани БНХАУ-д угсарсан ISUZU маркийн автомашиныг 640 сая төгрөгийн үнээр нийлүүлсэн байна. Гэтэл тухайн машиныг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ ГЕГ-т тус машин нь 70 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлсэн байгаа юм. Мөн тухайн автомашин нь МИАТ компанийн тавьдаг шаардлагыг хангахгүй байгаа гэнэ. Тухайлбал олон хүний хоол хүнс тээвэрлэдэг тусгай зориулалттай машинд тавигддаг наад захын шаардлага болох хөргүүр байхгүй гэнэ.
Өөрөөр хэлбэл, 70 саяын үнэтэй автомашиныг МИАТ-д 640 саяар “шахчихсан” болж таарах нь. Ийм байж таарах уу. Ерөөсөө л энэ мэтээр МИАТ компанид шаардлага хангахгүй хямд бараа материалыг өндөр үнээр “шахаад” байдаг бүлэглэл бий болсон гэдэг нь үнэн бололтой юм. Хэрвээ тийм бол Монголын төр өмчөө хамгаалахаар хууль, хяналтын байгууллагаа хөдөлгөж, ийм завхарсан ажил зохион байгуулдаг албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийн гараас төрийн өмчийг салгаж авах ёстой юм. Шуудхан хэлэхэд Т.Тамир захиралтай холбоотой нэг бус асуудал дэлгэгдэж байна. Түүнийг шалга. Тэгээд гэмгүй бол амжилт хүсч үргэлжлүүлэн ажиллуул. Гэмтэй бол төрийн өмчөөс холдуулах хэрэгтэй. Учир нь Монгол төрийн өмчийг “хоточ банхар” л харж хандах ёстой билээ.
Үргэлжлэл бий...
эх сурвалж:erennews.mn