Монгол Улсын жудо бөхийн үндэсний шигшээ багийн зарим тамирчид гадаад улсын нэрийн өмнөөс барилдаж эхлээд байгаа билээ. Энэхүү үйл явц үргэлжлэхээр болж байна. Саяхан хэвлэлээр нэр бүхий жудочид Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдах талаар яригдаж байсан билээ. Эдгээр тамирчид яриа хэлэлцээрийг хийж дууссан байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийн 4.1-т заасны дагуу Монгол Улсын харьяат иргэн давхар иргэншилтэй байж болдоггүй билээ. Нэг үгээр хэлбэл аль нэг улсын иргэний үнэмлэхийг эзэмшиж болохгүй гэсэн үг.
Тамирчин өөр улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд өрсөлдөхийн тулд Монгол Улсын иргэншлээс татгалзах ёстой юм. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон тамирчин хуулийн хүрээнд иргэншлээсээ татгалзаж байсан билээ. Тухайлбал Герман улсын нэрийн өмнөөс олон жил буудлагын тэмцээнд оролцож байгаа МУГТ Мөнхбаяр юм.
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүлэн нар АНЭУ-ын өмнөөс барилдах эцсийн шийдвэр гаргажээ. Ийнхүү шийдвэр гаргасан учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гарган Монгол Улсын иргэншлээс татгалзах зөвшөөрлийг хүссэн байна.
Хэрэв Ерөнхийлөгч энэ хүсэлтийг хүлээн авбал эдгээр тамирчид тус улсад тусгай хангамжтайгаар жилд 35 мянга буюу түүнээс дээш америк долларын цалин авна. Мөн уралдаан тэмцээнд оролцох бүх зардлыг нь тус улс бүрэн даах юм байна.