НИТХ-ын даргаар С.Амарсайхан өнгөрсөн онд сонгогдсон билээ. Түүний хувьд НИТХ дахь МАН-ын бүлгийг 2 хуваан байж сонгогдсон хэмээн ил, бас далд ярих хэсэг байгаа. Түүний хувьд өрсөлдөгч болох Баярсайхан хэмээх төлөөлөгчтэй 2 удаа санал тэнцэж, харин НИТХ дахь АН-ын бүлгийн хэсэг төлөөлөгч нарын дэмжлэгтэйгээр ялалт байгуулж, даргаар сонгогдсон билээ.
НИТХ-ын дарга болсны дараа С.Амарсайхан тэргүүлэгчдээ хуралдуулах гэж хурал зарласан ч бүтэлгүйтэж, НИТХ-ын ээлжит хуралдааныг хийх гэсэн ч ирц нь хүрэхгүй мунгинаж явсан нь өнгөрсөн оны сүүлээр хэвлэлийн хуудсанд шаргалтан үлджээ.
Өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан яг юу хийв. Ямар ажил амжуулсан вэ гэдэгт бүдэг бадаг хариулалт л байна. Харин тодорхой, үр дүнтэй хийсэн ажил алга гэдгийг нь сөрөг хүчин болох НИТХ дахь АН-ын бүлэг дүгнэн үзжээ. Ийм ч учраас 11 төлөөлөгчтэй тус бүлгийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханг огцруулах санаачлагыг гаргав.
НИТХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтэд С.Амарсайханыг дараах үндэслэлээр огцруулна хэмээн тодорхойлжээ. Тухайлбал: НИТХ-ын хуралдааныг дэг зөрчигдөж байна. Ийм яриа зөвхөн өнөөдөр гарч байгаа хэрэг биш. НИТХ-ын даргаар С.Амарсайхан ажиллаж эхэлсэн цагаас нл гомдол мэдүүлж, дээрх үгийг унагаах төлөөлөгч нарын тоо мэр сэр байсаар ирсэн юм. Харин өнөөдөр сөрөг хүчин нь уг үгийг давтан уншлаа.
НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах дараагийн үндэслэл нь Иргэдийн хурлын хэвийн үйл ажиллагаа доголдсон хэмээх үндэслэл гэнэ. Уг үндэслэлийн гол шалтгаан нь НИТХ-ын дарга С.Амарсайхан нь төлөөлөгч нарын ирцийг бүрдүүлж, хуралдуулах ёстой. Гэвч ирц бүрдэхгүй, хуралдаан болохгүй хойшлох, Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй гацах зэрэг дутагдал удаа дараа илэрч байгааг сөрөг хүчин шүүмжлэх болов. Ийм ч учраас дээрх үндэслэлийг гаргаж, асуудалд ханджээ.
Хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байна хэмээн НИТХ-ын дарга С.Амарсайханыг АН-ын бүлэг буруутгасан байна. НИТХ-ын дарга нь НИТХ хурал болон өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулан ажиллах үүрэгтэй. Гэвч энэ үүрэг алдагдаж, НИТХ-ын ажлын албаны буруутай үйл ажиллагаанаас болж төлөөлөгч нарт ирэх мэдээлэл зөрөх, зарим тараасан материалын тоо баримт алдаатай байх боллоо. Иймд хуулийг хэрэгжүүлэхгүй байна хэмээн үзжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайханг огцруулах гол үндэслэл нь НИТХ-ын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байна хэмээн АН-ын бүлэг үзсэн байна. Ингэж үзэх болсон гол үндэслэл нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан нь даргын зангараг алга. Лидер болж төлөвшөөгүй. Нийслэлийн харьяа газар, агентлаг, хэлтсийн дарга нарт хүлээн зөвшөөрөгдөөгүй нь өнгөрсөн хугацаанд ажиглагдлаа. НИТХ-ын даргыг үл хүндэтгэх, явуулсан албан бичигт нь хариу өгөхгүй байх, НИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хойшлуулах, хүлээн авахгүй байх зэрэг дутагдал байна. Иймээс НИТХ-ын дарга С.Амарсайханг огцруулах нь зүйтэй хэмээн НИТХ дахь АН-ын бүлэг үзсэн байна.
Ийнхүү сөрөг хүчний хэсэг бүлгийн дэмжлэгтэйгээр НИТХ-ын дарга болж байсан С.Амарсайхан мөн л өнөөх хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр суудлаасаа унах эрсдэлтэй нүүр тулав. НИТХ-ын дарга С.Амарсайхан нь Надад төрийн албаар амь зууж, төсвийн хөрөнгөөр бизнесээ хөгжүүлэх гэж уйлж дуулах шаардлага байхгүй хэмээн хэдхэн сарын өмнө хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэгэхээр үнэхээр л тийм бол өнөөдөр НИТХ-ын дарга гэдэг суудалтайгаа зууралдаж, улс төржилт болгон үймүүлж, Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хойш нь чангаахгүй байх хэмээн нэг хэсэг нь үзэж байна.
Ийм ч учраас НИТХ-ын дарга С.Амарсайхан нь сөрөг хүчний өргөн барьсан түүнийг огцруулах асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх байх гэсэн хүлээлт НИТХ-ын зарим төлөөлөгч нарт үүссэн гэнэ.