Ардчилсан нам бодлогын нам болно хэмээн тунхаглаж байсан цаг саяхан. Бодлого ярьдаг, бодлого боловсруулдаг нам бол болж байгаа үйл явдал, шуугиж байгаа сэдвээс хол хөндий, харин ч ул суурьтай, ухаан бодол уралдуулсан шийдвэр гаргах учиртай биз. Гэтэл зарлаж тунхаглаж байсан шигээ Ардчилсан нам бодлогын байж чадаж байна уу?
Ардчилсан намын бодлогыг хэн тодорхойлж, хэн хэрэгжүүлж байна вэ? Тус намын дарга нь С.Эрдэнэ. Төрд ажилласан туршлага, дүүргийн намыг толгойлж, атгасан гар шиг зангидаж байгаа туршлагатай нэгэн. Гэхдээ хаа явсан газраа зөвхөн өөрийнхөө хүрээллийг төвлөрүүлж, ХААН мэт аашлах гэмтэй гэдгийг ил бас далд элдэв янзаар л улс төрийн хүрээнийхэн ам уралдан ярьдаг. Энэ яриаг батлах мэт үйлдлийг тэрээр Ардчилсан нам дотор хийж байна. Түүний хувьд Ерөнхий нарийн бичгийн даргаараа Туваан хэмээх өөрийнхөө гарын хүнийг томилсон. Угтаа бол бүлэг, фракцийнхаа эв нэгдлийг бодсон бол илүү боловсрол, мэдлэгтэй нэгнийг тэнд суулгах учиртай байв. Гэвч тэр тэгж чадаагүй. Нарийн бичгийн даргаар нь О.Магнай, Залуучуудынх нь бодлогыг С.Эрдэнэболд хэмээх залуу зангидаж байна. Ардчилсан намын бодлогыг атгаж байгаа хүмүүсийг анзаарах юм ганц дөнгүүр нь С.Эрдэнэболд л байна. Юм үзэж, нүд тайлсан гэгчээр боловсрол мэдлэгээр тун дажгүй нэгэн. Харин өнөөх хэдтэйгээ хэл амаа ололцож, хийж байгаа ажилдаа ойлголцож чадаж байгаа эсэхийг мэдэхгүй.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгууль энэ өдрүүдэд болж байгаа. Намынхаа бодлогод оролцоогүй, татвар мөнгөө төлөөгүй хэмээн Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Батбаяр / баабар /, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ч.Сайханбилэг нарын улс төрчдийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээсээ хасч, хөөсөн билээ. Энэхүү үйлдэл өрнөөд удаагүй байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ганц л хийж чаддаг зүйлтэй бололтой. Тэр нь өөрийг нь эсэргүүцэх магадлалтай, эсвэл өөрийнх нь үгэнд орохгүй нэгнийг бол шууд л хөөчихдөг юм шиг. Ийм сэтгэгдлийг энэ өдрүүдэд төрүүлж байна.
Дээр хэлсэн хүмүүсийг хөөгөөд байсан Ардчилсан нам өчигдөр мөн л тус намын толгой улс төрчдийн нэг байсан С.Баярцогтыг намаасаа хөөв. Хэвлэлээр гарсан мэдээлэлд ач холбогдол өгч, хүлээж байсан мэт хөөх шийдвэр гаргаж байгаа нь бодлоготой намын шийдвэр гэж огт харахгүй байна.
С.Баярцогтыг намаасаа хөөхөд цаг хугацааны хувьд хэзээ ч болно. Гагцхүү үнэн худал нь батлагдаагүй, гадаадын нэг агентлагийн гаргасан мэдээллийг орчуулж, Монголын хэвлэл мэдээлэл гаргаж байхад бүгд л шуугиж, бас бүгд эсэргүүцэж, тэрийг нь хүлээсэн мэт нам нь гишүүнчлэлээсээ хөөж байгаа нь бодлого лав биш.
С.Баярцогт авлига авсан бол яах аргагүй намаас хөөх биш бүүр төрд дахин орох нүүргүй болгох учиртай. Тэгэхийн тулд тухайн хүний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой юм. Тэр болтол хэн нэгэн түүнийг гэм буруутай хэмээн чичлэх үндэслэл байхгүй билээ. Бид үндсэн хуулиндаа үүнийг бичиж тэмдэглэсэн ард түмэн.
Нам гэдэг бол үзэл бодлоороо нэгдсэн эвсэл. Тэр эвсэл нэг нь халтирахад түлхдэг байх юм бол нам ямар хэрэгтэй гэж. Нам гэдгийн цаана нэгдмэл гэсэн ойлголт байгаа. Гэм буруутай этгээдийг намын нэрээр халхаж, хамгаалах тухай зүйл биш юм. Харин эцсийн мөч хүртэл өнөөх хүнийг хөөж туухгүй, бас хамгаалахгүй харж яагаад болдоггүй гэж вэ?