ЕРӨНХИЙ САЙД УВС АЙМАГТ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД УВС АЙМАГТ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж эмч, ажиллагсад болон хэвтэн эмчлүүлж байгаа зарим өвчтөнтэй уулзав. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их засварт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэж тэрээр хэллээ. Мөн тус эмнэлэг болон Бөхмөрөн сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин, бусад тоног төхөөрөмж  хүлээлгэн өгөв. 

Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус аймагт тав хүртэлх насны 45 хүүхэд эндсэн нь улсын дунджаас зургаа дахин их байна. Энэ нь хүйтний улирал 11-ээс дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг, ялангуяа 1-2 дугаар сард өдөртөө дунджаар -40 хэм, шөнөдөө -50-55 хэм хүйтэрч томуу, томуу төст өвчний гаралт ихтэй холбоотой гэж болох юм. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 44 ортой ч өнөөдрийн байдлаар 80 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Иймээс 2019 оны улсын төсөвт 50 хүүхдийн ортой эмнэлэг барих хөрөнгийг тусгаж, эмнэлгийг барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрлэлээ.

“Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлдэг, ачаалалтай ажилладаг эмч, сувилагч, ажиллагсдын цалин, нийгмийн асуудалд Засгийн газар онцгой анхаарна” гэлээ.

Мөн өдөр Ерөнхий сайд “Улаангом” политехникийн коллежийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, оюутнуудтай уулзав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар Увс аймагт ажиллах хугацаандаа хүүхдийн 50 ортой эмнэлгээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн лаборатори, цогцолбор сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмж, Улаангом сумын 6-р цэцэрлэгийн их засвар, театр, соёлын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Багшийн хөгжлийн төвд засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ. Мөн сумдын эмнэлэгт парк шинэчлэл хийж, хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчны салбарт хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болов.

Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон бусад холбогдох албан тушаалтан багтан ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.