Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн шөнө нэр бүхий улс төрчдийг албан тушаалын хэргээр баривчилсан гэнэ. Тодруулах юм бол УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнтэй хамт мөн ТЕГ-ын дарга асан Н.Ариунсан гэгчийг баривчилсан байна.
2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах ажлыг гардан гүйцэтгэж байсан хүмүүс бол тухайн үеийн сангийн сайд С.Баярцогт, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчны сайд Л.Гансүх нар юм. Тэднийг чиглүүлж, гэрээ байгуулах эрх мэдлийг өгсөн хүн бол тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр. Түүний хувьд Оюутолгойн гэрээг байгуулсан голлох хүмүүсийн нэг. С.Баярын хувьд Оюутолгойн гэрээг байгуулсны дараа удалгүй эрүүл мэнд, ар гэрийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа сайн дураараа хүлээлгэн өгч байсан нэгэн билээ.
С.Баярыг Ерөнхий сайдын албан тушаалыг сайн дураараа өгөхөд нь Оюутолгойн гэрээг байгуулах даалгавартай ирээд ажлаа хийсэн учраас албан тушаалаа өгчихлөө хэмээх хардлага тухайн үед олон нийтийн дунд хөвөрч байсан ч тэгж байгаад замхарсан билээ.
Харин Н.Ариунсангийн хувьд Татварын Ерөнхий газрын дарга хэмээх албан тушаалыг хашиж байсан учраас Оюутолгойн гэрээтэй холбогдон баривчлагдсан бололтой.
Ийнхүү Оюутолгойн гэрээг байгуулахад оролцсон хүмүүсийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бол дээр нэр дурдсан хүмүүсийг ч бас байцаах, баривчлах уу гэсэн асуулт урган гарч байна. Ямартай ч саяхан Ерөнхий сайд асан С.Баярыг Авлигатай тэмцэх газар байцаасан гэх мэдээлэл гарч байсан. Харин дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй байна.
Д.Зоригт, Л.Гансүх нарын талаарх мэдээлэл алга байна. Л.Гансүхийн хувьд 2012-2014 оны хооронд Ерөнхий сайдын ахлах зөвлөх хийж байгаад баривчлагдаж, нүүрс хөтөлбөрөөс мөнгө завшсан хэргээр ял хүлээсэн билээ. Тэрээр эдлэх ёстой ялаа эдэлж, эрх чөлөөтэй нэгэн болоод байгаа.
Авлигатай тэмцэх газрын хувьд Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг үүсгэн шалгах болсон шалтгаан нь С.Баярцогтын нэр дээрх Швейцарын банкинд байсан гэх данстай холбоотой. Уг дансанд 10 сая доллар орсон гэх мэдээлэл гарч байсан. Харин дараа нь уг дансаар 45 орчим сая доллар эргэлдсэн. Үлдсэн нь 1,9 сая ам доллар хэмээх мэдээлэл ч гарч байсан билээ. Харин энэ талаарх илүү дэлгэрэнгүй баталгаатай мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан хараахан өгөөгүй байна.
Дашрамд дурдахад Оюутолгойн гэрээний нэг хэсэг болох Дубайн өөрчлөлттэй холбоотойгоор Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан С.Бямбасайхан гэгчийг мөн Авлигатай тэмцэх газар баривчилсан гэх мэдээлэл байна.