Ганцмодны боомтоор жилд 10 сая тонн нүүрс авах хүсэлтээ БНХАУ илэрхийллээ

Ганцмодны боомтоор жилд 10 сая тонн нүүрс авах хүсэлтээ БНХАУ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд буцах замдаа ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллав. Тэрээр хотын намын хорооны дарга Ли Жи Хэнтэй уулзаж Гашуунсухайт-Ганцмодны боомтын экспорт, импорт, нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх талаар санал солилцов.

Хоёр тал боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлж, хил нэвтрүүлэх чадварыг сайжруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хил дамнасан уул уурхай, эрчим хүчний туршилтын бүс байгуулах саналыг Өвөрмонголын тал гаргав. Мөн аль болох богино хугацаанд Замын-Үүд-Эрээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох зэрэг хүсэлтээ илэрхийлэв.

Баяннуур хот ойрын өдрүүдэд Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломжтой учир шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч гээд бүх асуудлаа шийдсэн. Одоо манай улс хэр түргэн шуурхай ажиллахыг л хүлээж байна.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхах үеэр 2020 он гэхэд Монголоос жилд 30 саяас доошгүй тонн нүүрс нийлүүлэх боломж байгаа тухай ярилцсан юм. Дэд бүтэц зэргээ хөгжүүлснээр нүүрсний экспорт, импортыг 30 саяас доошгүй тонн-д хүргэх зорилтоо биелүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж чадна. Энэ чиглэлээр хоёр улсын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гаргах ёстой гэж үздэгээ Ерөнхий сайд хэлэв.  

Тэрээр уулзалтын дараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот, Монгол Улсын Өмнөговь аймаг хооронд байгуулах Хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

  Ерөнхий сайд мөн өдөр Ганцмодны боомтын Гаалийн хяналтын удирдах төвөөр орж боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэгтэй танилцав. Энэ үеэр хөндөгдсөн гол сэдэв нь Гашуунсухайт, Ганцмодны боомтод үүсдэг нүүрсний тээврийн урт дарааллыг хэрхэн зохицуулж хэвийн горимд оруулах  тухай байлаа. Ганцмодны боомтын Гаалийн даргын хэлснээр нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн тоо хэт их байгаагаас урт дараалал үүсч, хаа хаанаа хүндрэл учруулдаг юм байна. 

 

 

Нүүрсний тээвэр аль болох их байвал хоёр талдаа эдийн засгийн ач холбогдолтой. Иймд дээрх асуудалд хоёр тал онцгой анхаарах, жолооч нар олон хоногоор машиндаа амьдарч эрүүл мэнд, аюулгүй байдал, цаашлаад амь насаараа хохирох тохиолдол гарч байгаад дүгнэлт хийх ёстой гэлээ. Энэ чиглэлээр шуурхай ажиллахыг дагалдан яваа сайд нарт үүрэг болгов.

Ганцмодны боомт өнгөрсөн онд хоёр тэрбум гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, улсдаа хамгийн их бараа нэвтрүүлсэн боомтын нэгд тооцогдоод байна. 2013 оноос хойш “Таван гарц-Таван орц” нүүрс нэвтрүүлэх хоолой, хяналтын систем зэргийг ашиглалтад оруулж автоматжуулснаар нэг автомашиныг 15 секундэд шалган хил нэвтрүүлдэг болжээ.

 

Манай улс өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор 18 сая тонн бараа, бүтээгдэхүүн экспортоор гаргасны 17 сая тонн нь нүүрс байжээ