ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ОРОН НУТГУУДАД ХҮРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ОРОН НУТГУУДАД ХҮРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд таван аймаг, есөн суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа аж.

Малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу эхний ээлжийн 0,5 сая тун вакциныг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бол II дахь ээлжийн 4 сая тун вакцин энэ сарын 14, 15-ны өдрүүдэд хүлээн авчээ.  

Уг 4 сая тун вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулах юм байна.

Вакциныг орон нутагт шуурхай хүргүүлэх, богино хугацаанд дархлаажуулах ажлыг Улсын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж. Одоогоор Төв болон говийн аймгуудад хүргүүлжээ.

III ээлжийн 2,8 сая тун вакцин ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбоотой хийсэн гэрээний дагуу ирэх тавдугаар сарын 9-ний өдөр ирэх юм байна.