Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот нэг л гундуухан. Үүнтэй хотын иргэн бүр санал нэгдэх болжээ. Уг нь хэдэн жилийн өмнө Улаанбаатар хөгжих боломжтой болжээ. Хөрөнгө оруулалт нь нэмэгдэж хэмээн шагшиж байв. Харин өнөөдөр хөрөнгө нь байгаад хүмүүсийн бухимдал төрүүлсэн хэдхэн ажил хийх нэртэй хэлэлцүүлэг өрнүүлээд л таарч байна.
2016 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулиар “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр нэр дэвшүүлсэн Нийслэлийн МАН ялалт байгуулж, ИТХ-ын 45 суудлын 34 суудал дээр нь эзэн суугаад байгаа билээ. Нийслэлд олонхи болсон Нийслэлийн МАН өнгөрсөн хугацаанд амалсан хөтөлбөр, хэлсэн ажлаа хийж хэрэгжүүлсэн үү гэдэг дээр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлэх цаг нэгэнт болжээ.
Өнөөдөр НИТХ-ын даргаар С.Амарсайхан ажиллаж байна. Түүний хувьд өмнөх даргаа унагааж, өөрөө эзэн суусан гэхэд нэг их дэгстүүлсэн болохгүй л болов уу. Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгч 2 хуваагдаж, ажил гацсан билээ. Энэхүү гацааны нэг хэсэг нь С.Амарсайхан ба түүний нөхөд байсан. Харин нөгөө талд нь Ц.Сандуй ба түүний нөхөд байв. Энэ хоёр хэсэг хэлэлцэж, хэмлэлдэж, хэдэн тийшээ уймарч гүйсний эцэст Ц.Сандуй ажлааа өгөхөө мэдэгдэж, өргөдлөө өгснөөр уг маргаанд цэг тавьсан билээ. Харин НИТХ-ын даргаар С.Амарсайхан МАН-ын төлөөлөгчдийн бүрэн итгэлийг хүлээж чадалгүй НИТХ дахь АН-ын бүлгийн дэмжлэгтэйгээр сонгогдов.
Албан тушаал чухал биш. Харин Нийслэлчүүдийн аж амьдралыг дээшлүүлэх нь миний зорилго хэмээн том дуугарч, тод ярьж байсан С.Амарсайхан дарга чухам юу хийв. НИТХ-ын хувьд Улаанбаатар хотын төсвийг баталж, төсвийн ажил хэрхэн явж, яаж хэрэгжиж байгааг хянаж, бас шахаж ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх тал дээр С.Амарсайхан дарга төдийлөн ажиллаж чадахгүй байна.
Сар гаруйн өмнө болсон НИТХ-ын ээлжит хуралдаан дээр С.Амарсайхан даргыг огцруулах санаачлага НИТХ дахь АН-ын бүлгээс гарсан. Гэтэл тухайн үед ажил ярихын оронд албан тушаалдаа үлдэхийн тулд төлөөлөгч нараа зандарч, төгрөг мөнгө авах болохоороо өрөөгөөр орж ирдэг хэмээн нууцаа дэлгэж суусан том дарга маань одоо харин дахин нэг суудлын төлөө өөр нэг даргаа өдөр бүр хэмлэж эхэлжээ.
С.Амарсайхантай албан тушаалын төлөө хэмлэлдэж байгаа хүн бол мэдээж хэрэг Нийслэлийн засаг дарга С.Батболд. Нэг зорилгын төлөө 2 том суудалд зэрэгцэн суучхаад эргэж хараад нэг нэгнээ муулаж байгаа үйл явдал энэ өдрүүдэд өрнөж байна.
С.Батболд бол Нийслэлийг аз жаргалтай хот болгох үүргийг хүлээсэн хүн. Өнгөрсөн хугацааанд чухам ямар гэрэл гэрээтэй ажил хийсэн вэ? Үүнийг өнөөдөр олон иргэн асууж, бас сураглаж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын рейтинг 2016 онд албан тушаал авсан цагаас хойш өгсөж лав харагдсангүй. Харин үзэн яддаг улс төрчдийн жагсаалтад ороод ирчихсэн явж байгаа харагдана. Саяхан гарсан нэгэн судалгаан дээр С.Батболд даргын ажил хийсэн гэх үзүүлэлт өмнөх засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажлын үзүүлэлтээс даруй 2-4 функцээр бага харагдав. Ийм байхад ажил хийж, ард олноос үнэлгээ салгахын оронд бас л албан тушаалын төлөө хэмлэлдэж сууна.
С.Амарсайхан НИТХ-ын дарга. Харин С.Батболд Нийслэлийн засаг дарга. Тэд Нийслэлийн МАН-ын гишүүн. Хэн нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох вэ? Гэдгээ үзэхийн тулд өөр хоорондоо хөлөө жийлцэж, өдөр бүр хэн хэнийгээ муулуулсан “ТӨЛБӨРТ” материалыг хэвлэлээр гаргах болжээ. Албан тушаалгүй л бол үхчих гэдэг хүмүүс мөн ч их болж байгаагийн тод жишээ юм болов уу?
НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд НИТХ дахь МАН-ын бүлгийг нэгтгэж 34 хүнийг зангидаж чадахгүй л яваа. Үүн дээрээ нэмээд НИТХ-ыг ч цагт нь хуралдуулж дөнгөхгүй л харагдана. Үүн дээр нь нэмээд эрхэм даргын үгэнд орж, үйлдлийг нь хүлээн зөвшөөрч ажлаа танилцуулдаг агентлаг, хэлтсийн дарга нар цөөхөн гэх юм билээ. С.Амарсайхан ямар нэгэн хурал зарлах л юм бол ирэхээсээ ирэхгүй хүн нь илүү олон гэсэн явган яриа Нийслэлийн харьяа байгууллагуудын дунд гарчхаж.
С.Батболдын хувьд аядуу зөөлөн алхаж яваагаа айхтар зөв гэсэн бодол тээчихсэн юм байлгүй. Шийдвэртэй ажил, шийдэмгий алхам түүнээс лав гарсангүй. Өнөөдрийг хүртэл Нийслэлчүүдийг л бухимдуулж, уур ундуйцлийг нь төрүүлэхээс өөр хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого алга. Гэнэт зүүн эргүүлэхгүй гэж түмэн олныг тэвдүүлсэн. Одоо 42 сая ам долларын гүүр барих гэж баахан хүмүүсийг ундуйцуулж байна.
Ийм л хоёр дарга энэ Нийслэл хотын “Аз жаргалтай Улаанбаатар” болгохын тулд дахиад нэг албан тушаалыг авахыг хүсч байгаа гэнэ. Албан тушаал авсан тоогоороо иргэдийг аз жаргалтай болгодог бол С.Амарсайхан, С.Батболд гэдэг хүмүүст боломж нь байна. Хэн ч хийх ажил, хэрэгжүүлэх бодлого байсан бол өнөөдөр ингэж зүхүүлж суухгүй. Албан тушаалгүй бол хэцүүдлээ юу? Дарга нараа.