Алтай консракшний удаа дараагийн зөрчилд хэн хариуцлага тооцох вэ?  

Алтай консракшний удаа дараагийн зөрчилд хэн хариуцлага тооцох вэ?  

Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг үгийг Монголчууд өдөр бүр л давтдаг. Гэвч алдаа дутагдал нь арилж, асуудал нь цэгцэрч байгаа зүйл алга. Уг салбарт хяналт тавих ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага нь хүн цөөнтэй, өдөр бүр очоод хянаад байж чаддаггүй гэх үгээр ам таглах гэж зүтгэдэг.

Харин барилгын салбарын компаниуд нь тор татсан болж, каск өмссөн төдийхнөөр хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангачихлаа хэмээн сэтгэх нь гаслантай. Ийнхүү төр, хувийн хэвшлийн хэн хэндээ найдсан хэнэггүй зан нь уг салбарт жилдээ дөрөв таван хүний амь нас эрсдэх шалтгаан болчхоод байна.

Хамгийн сүүлийн хэдхэн жишээг л дурдахад тун харамсалтай. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Саруул хорооллын барилга. Энэхүү барилга нь Алтай констракшн хэмээх салбартаа тэргүүлэгч компаний барьж байгаа барилга. Уг хороололд   амралтын өдрүүдэд 2 хүн нас барав. Нэг нь ашиглалтад орсон орон сууцанд гал гарахад амь насаа алдсан бол нөгөө нь ажлын байран дээрээ аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас амь насаа алдлаа.


Бямба гарагт барилгын 13 давхараас барилгын хог буулгах явцад ажлаа хийж явсан иргэний дээрээс хог унаж газар дээрээ амиа алдсан гэх мэдээлэл гараад байна.  Харин зарим хүмүүсийн мэдээллээр бол 13 давхараас барилгын хог шидэж байсан ажилтан шуудайтай хогтойгоо цуг барилга дээрээс унаж, газар дээрээ нас барсан гэх явган яриа гаргаад байгаа юм. "Саруул хороолол"-ын барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаар албаныхан тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулалтыг өгч байна.

Саруул хорооллын баригдаж байгаа эдгээр барилгын ажил гүйцэтгэж байсан угсралтын кран унаж, нэг иргэн бэртсэн гэх мэдээллийг өгөөд байгаа. Уг краныг ажиллуулж байсан хүн нь Хойд Солонгосын иргэн байсан, бараг л амь насаа алдсан байх хэмээх таамаг яриа гараад байгаа юм. Харин албаныхан зөөлөн эд нь гэмтсэн, амь насанд нь ямар нэгэн аюул учраагүй гэх мэдээллийг өгсөн. Харин тухайн хэргийг ойроос харсан иргэдийн хувьд крантайгаа унасан иргэн амь насаа алдсан байх магадлалтай, кран унасны дараа түүнийг дамжлаад явж байгаа харагдсан хэмээн ам уралдан таамаг дэвшүүлж эхэлсэн байна.

Ийнхүү 7 хүрэхгүй хоногт Саруул хорооллын барилга дээр 3 осол гарч 2 хүн амь насаа алдлаа. Айлд гал гарч, 27 настай иргэн амь насаа алдсан хэрэг нь хувь хүний аюулгүй байдал, анхаарал болгоомжгүй үйлдэл хэмээн тайлбарлаж болох юм. Гэхдээ барилгын үндсэн хийц нь шатамхай материал байсан эсэхээс хамаарч уг хэрэгт хорооллыг барьсан барилгын компанийг ярьж болохын. Одоогоор энэ талаарх мэдээлэл гараагүй байна.

Харин ажлын байран дээр гарсан 2 осолд шууд утгаараа Алтай констракшн компанитай хариуцлага ярихаас өөр арга байхгүй гэдэгт олон иргэн санал нэгдэж байгаа нь нийгмийн сүлжээгээр харагдаж байна. Хүний амь нас эрстсэн, мөн бэртсэн байхад уг хорооллын барилга хэвийн үргэлжилж, ажил нь явж байгаа нь олон хүний гайхшрал, бас эгдүүцлийг төрүүлж байгаа нь дамжиггүй.

Барилгын компани осол гаргадаг, зарим ослыг далд нуугаад өнгөрдөг гажуудлыг засах хэрэгтэй. Үүний эхлэл болгож хариуцлага тооцсон шиг тооцох үндэслэлтэй хэрэг нь Саруул хороололд хэдхэн хоногт ээлжлэн гарсан дээрх хэрэг. Үүнд өнөөдрийг хүртэл албаныхан ямар нэг тайлбар өгөөгүй л байна.

Угтаа бол мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн бол акт тавьж, асуудалд шуурхай хандах ёстой баймаар юм. Гэтэл барилга дээр нь 2 ч осол гарч, хүний амь нас эрстсэн байхад хэвийн ажиллаж, юу ч болоогүй мэт байгааг хэн юу гэж ойлгох вэ?

Алтай констракшн гэж компани эсвэл тийм бүрэн, дархан эрхтэй юу? Хяналт тавих ёстой, хариуцлага тооцох ёстой албан байгууллага, албан тушаалтан бүр нь тус компанид үг хэлж, хариуцлага ярьж чадахгүй хэмжээнд ялзарчихсан юм уу? Хэрэв тийм биш бол хариуцлага ярьж, салбарын гажуудлыг сайжруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг анхааруулая.

Барилга дээрээс төмөр унаж, кран нурж, хог үсэрч хүний амь нас авдаг хэрэг гарсаар л байна. Гарсаар л байх уу? Өнгөрсөн хугацаанд гарсан өч, төчнөөн осол өнөөдөр мартагдах тийшээ хандаж байна. Тэнгис кино театрын урд талын усан оргилуурын талбай дээр өнөөдөр өндөр шилэн барилга баригдаж, ашиглалтад орчихлоо. Уг барилга дээрээс төмөр унаж, нэгэн залуугийн амь насыг авч одсон. Хэн хариуцлага хүлээж, хэрхэн өнгөрсөн талаар өнөөдөр бид мартжээ.

Саруул хорооллын барилгын осол яг л ийм байдлаар замхарч, алга болох уу?