НИЙСЛЭЛИЙН “ХӨРС ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогтын санаачлагаар НИТХ, УБЗАА, НЗДТГ хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт, НИТХ-ын Төлөөлөгч Д.Баттулга, НИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа, НИТХ-ын Төлөөлөгч П.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Мөн энэхүү өдөрлөгт Хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл 50 гаруй байгууллага оролцсон бол Ялалтын талбайд 600 гаруй иргэн оролцож мэдээлэл авлаа.
Өдөрлөгийн үеэр байгаль, орчиндоо ээлтэй, эко орчин бүрдүүлэн амьдарч буй иргэн, ААН шалгаруулж, Сүхбаатар дүүргийн иргэн Л.Эрдэнэчулуун, ААН-ээр “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”, Шилдэг инновацийн шийдэл танилцуулсан байгууллагаар “Ховд тул” ХХК тус тус шалгарлаа. Энэ нь цаашид иргэд, ААН-үүдийг эко орчин бүрдүүлэх үйлсэд үлгэрлэх, уриалах ач холбогдолтой юм.
Энэхүү өдөрлөгөөр Хөрс судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй салбар бүрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд цаашид “Хөрсний бохирдол”-ыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлын эхлэл гэж үзэж байна.