С.Эрдэнэ АН-ын дарга болсон дор З.Энхболд нь үлдвэл өлзийтэй

С.Эрдэнэ АН-ын дарга болсон дор З.Энхболд нь үлдвэл өлзийтэй

Ардчилсан намын даргын сунгаа эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус өрсөлдөөнд оролцож байгаа 5 эрхэм гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалтаа хийсээр л явна. За энэ ч яахав. Хамгийн гол нь сунгаа шударга, зөв замаар явж байна уу гэдэгт л асуултын гол учиг оршиж байна.

С.Эрдэнэ гэгч хэн билээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн гэсэн сэтэр яг өнөөдрийн байдлаар С.Эрдэнэ гэдэг хүн дээр гуншин болж явна. Үүгээр зогсохгүй түүнийг нэг хэсэг нь Баянгол дүүргийн ВАН гэж үздэг. Нэг дүүргийг хэрхэн эзэмшиж, хэрхэн өөрийн дураараа хөдөлгөж болдог вэ гэдгийг түүний үг, үйлдэл бүхнээс харж болно. Тэр тус дүүргийн засаг даргаар хэнийг ажиллуулах вэ гэдгийг шийддэг. Өнгөрсөн 4 жил С.Оросоо гэж залууг засаг даргаар ажиллуулж байв. харин энэ удаад өвдөг шороодсон С.Одонтуяаг тэнд суулгаж өнөөх С.Оросоогоо өөрийнхөө хажууд буюу УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр суулгачихаад байна. За энэ яахав. Нэг их хамаатай хэрэг биш.

Шонхор фракцын гол зангилаа бол С.Эрдэнэ. Хэдийгээр тус фракцын тэргүүн нь З.Энхболд мэт харагдавч үнэн хэрэгтээ гол хүмүүс нь С.Эрдэнэ гэгчийн дагуул цэргүүд. Тэд С.Эрдэнэ байгаа учраас л Шонхор фракцыг бүрэлдүүлж суугаа. З.Энхболд бол зүгээр л тэдний урдаа барих мод нь байв. Харин жинхэнэ царайгаа өнөөдөр гаргаж С.Эрдэнийг ХААН суудалд залахаар хамаг бүхнээ дайчилж эхэллээ.

Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар С.Эрдэнийн цэрэг Д.Үүрийнтуяа ажиллаж байна. Эндээс л С.Эрдэнэ гэгч хэрхэн намын дарга болохоор улайрч байгааг ойлгочихож болно.

С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нар хамтдаа сонгуулийн хууль зөрчсөн гэж шүүх танхимд сууж л явлаа. С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нар хамтдаа Нийгмийн даатгалын байгууллагад бас л бужигнуулж явлаа. С.Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нар хамтдаа л өгсч, бас албан тушаалд хүрч явлаа. Тэд хамтдаа л Шонхор фракцын эд эс болж яваа.

Ардчилсан намын их хурал 2016 оны 12 сарын 10-нд болоход заалнаас нэг санал гарсан. Тэр нь Н.Алтанхуягын засгийн газрыг унагаасан С.Эрдэнэ мэтийн нөхөдтэй хариуцлага тооцох байв. Хамгийн их бухимдаж, хараал урсгаж байсан хүмүүс нь Шонхор фракцынхан байсан тухай тус хурлын төлөөлөгчид ам уралдан ярьж явна. Тэд С.Эрдэнэ намын даргын өрсөлдөөнөөс хасагдчих вий гэсэндээ тийнхүү тэвдэж байсан биз.

Урвагч угтаа шинэчлэгч байж чадахгүй л болов уу?

С.Эрдэнэ бол сүүлийн 4 жил 2 засгийн газарт ажилласан сайд. Тэр Н.Алтанхуягийн засгийн газарт Нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байв. Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулах хуралдаанаас зарим нөхдөө авч зугтсан гэдгийг өнөөдөр АН-ын гишүүд хэлдэг. Тэр үг, үйлдэлээрээ Н.Алтанхуягийн засгийн газраас урвагч гэж болно. Тийм хүн 108 мянган гишүүнтэй намын эв нэгдлийг хангагч байж чадна гэж үү. Ван хүн Хаан болох хүсэлд автчихаад яваа юм биш биз.