Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган нэр бүхий уяачдын алдар цолыг хураахаар болжээ. Хариуцлага тооцож байгаа хэлбэр мэт боловч, харин хэсэг хүмүүсийн яриагаар бол өөр зорилготой хэмээх хардлага бас явж байна.
Учир нь Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж цолыг нь хураасан 2 эрхэм нь өнөөдөр Монголын морин, спорт уяачдын холбооны тэргүүний өндөр албан тушаалтан. Мөн нөгөө талдаа уг холбооны эрх мэдлийг булаацалдагч талын төлөөлөл.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрөвдүгээр сарын 26-нд Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж, Манлай уяач Пүрэвийн Сэргэлэн нарын цолыг хураах зарлиг гаргажээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомжийг зөрчсөн, малын гоц халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан учир тэдний цолыг хураасан гэж зарлигтаа тусгасан байна.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан энэхүү зарлиг хариуцлага тооцсон мэт харагдавч, хэдэн хүмүүсийн дунд хэрүүлийн сэжим болж цэцэглэх магадлал тун өндөр хэмээн зарим иргэд ярьж эхэллээ.
Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан, УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа өгөхөөр болсон. Нэг үгээр бол тэргүүний суудал эзэнгүй үлдэж байгаа. Ийм нөхцөлд уяачдын дунд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр хэн очих вэ? Хэнийг уг албан тушаалд суулгах вэ? Гэсэн асуулт, бас хуйвалдаан өрнөж байна.
Монголын Морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллахаар бэлтгэл хангаж, бас хөрөнгө зарцуулж эхэлсэн хүмүүсийн нэг нь Д.Дагвадорж. Завхан аймгийн уугуул болох Тод манлай уяач гэх цолыг зүүж байсан түүний хувьд өрсөлдөөний өмнө ийнхүү цолоо хураалгаж, бүдрэв.
Нөгөө талд нь өрсөлдөж байгаа хүн бол МАКС группийн Ерөнхийлөгч Ганбаатар. Мөн л тод манлай уяач хэмээх алдар цолтой түүний хувьд холбооныхоо тэргүүн болох боломж нэмэгдлээ гэж харж байж мэдэх юм.
Гэвч Ерөнхийлөгчийн цагаа олоогүй цол хураасан алхам нь Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүний сонгуулийг маргаан дагуулах, хоёр тал болж талцах, дуусашгүй хэрүүлийг бий болгох алхмыг өрдчихлөө хэмээн болгоомжлох хэсэг бий болоод байна.