Монгол Улсын төр хувийн хэвшилтэйгээ зэрэгцээд л бизнес эрхлэх дуртай. Ийм жишээ олон. Үүний бас нэгэн хувилбар нь Сити тур хэмээх аяллын автобусыг ажиллуулж эхлэх санаачлага Нийслэлийн аялал жуулчлалын газраас гарчээ. Улаанбаатар хотыг жуулчдад үзүүлэх, Нийслэлийн хүүхэд залуусыг хоттой танилцуулах санаачлага нь сайн.Харин энэхүү ажлаа өөрсдөө хийх гэж зүтгэж байгаа нь тун харамсалтай юм.
Төр гэдэг бол бодлого гаргаж, түүгээр дамжуулан хувийн хэвшлийг идэвхжүүлж, хөгжлийг бий болгох ёстой. Түүнээс бүхнийг өөрөө хийх гэж зүтгэх нь гажуудал юм. Уг нь төрийн зарчим ажил үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр хийлгэх хуулийн зохицуулалт байдаг. Гэвч энэхүү хуулийн зохицуулалтыг умартаж, төрд байгаа зарим дарга нар ажил хийсэн болж харагдахын тулд бизнес эрхлэгчдийн хийх ажлыг булааж авдаг боллоо. Төрийн оролцсон бизнест өрсөлдөгч гэж байдаггүй. Харин хувийн хэвшлийг сэдэлжүүлж, хэн сайн санал санаачлага, хямд үнэ гаргаж ирсэнд нь тэрхүү боломжийг нээж өгөх юм бол хөгжих боломж нь нээгдэх нь гарцаагүй. Тэр дундаа аялал жуучлалын салбар бол зөвхөн төрийн нуруун дээр явах ёсгүй. Хувийн хэвшлийн нуруун дээр явах учиртай. Өнгөрсөн жилүүдэд ингэж л явж ирсэн. Өнөөдөр жуулчдын тоо өсч, Монгол улсыг зорих гадны иргэд нэмэгдэхээр төр нь жуулчдыг татаж байна гээд хувийн хэвшлийн ажлыг булаагаад байж болохгүй юм аа.
Улаанбаатар хот 1 сая жуулчин хүлээн авна хэмээх уриа гаргаад хэдэн жил өнгөрлөө. Сүүлийн 2 жилийн тоон мэдээллийг харах юм бол Монгол Улсад 2016 онд 404 мянган жуулчин. Харин 2017 онд 471 мянган жуулчин иржээ. Нэг жилд 60 гаруй мянган жуулчин нэмэгдсэн үзүүлэлт харагдаж байна. Жуулчдын тоо өсч байгаа энэ цаг үед төр нь бодлогоор дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийг ажилдаа өргөн хүрээнд татан оролцуулах ёстой.
Улаанбаатар ирсэн жуулчид Сүхбаатарын талбай, сүм хийд, дурсгалт газар зэргийг үздэг. Гэвч жуулчид эдгээрийг үзэхийн тулд хаанаас ямар унаанд сууж явах, хэрхэн очих талаарх танилцуулга зураг бүхий самбар, эсвэл мэдээллийн цэг бараг л байхгүй. Энхтайвны өргөн чөлөөнд жуулчдад зориулсан ганц мэдээллийн цэг байдаг. Гэвч уг цэгийг олж ирээд мэдээлэл авдаг жуулчин тун цөөхөн. Иймээс Нийслэлийн аялал жуулчлалын газар замын тэмдэг тэмдэглэгээ, жуулчдад ойлгомжтой байдлаар харуулах мэдээлэл зэргийг хийх дээр анхаарах юм бол жинхэнэ хөрөнгө оруулалт болно.
Харин энэ сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байгаа Сити тур аяллын автобус бол Төрийн хийх ажил биш гэж үзэж болно. Учир нь ийм төрлийн үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэх хэд хэдэн давуу талтай. Нэгд гарах урсгал зардал нь төрөөс буюу татвар төлөгчдийн халааснаас урсахгүй. Автобус худалдан авах үнэ, жолооч, хөтөч гэх мэт хэд хэдэн ажлын байр хувийн хэвшилд нэмэгдэх сайн талтай. Төрийн албан хаагчдийн тоог хасах тухай ярьж байгаа энэ үед бас хэдэн ажлын байрыг төрд бий болгох нь оновчтой шийдэл биш гэхэд болно.
Төр муу менежер. Энэ нэг талаасаа ортой үг. Төрийн оролцоотой үйлдвэр, үйлчилгээний хувьд нэг л гундуухан байдаг нь нууц биш. Энэ удаагийн эхлүүлэх сити тур аяллын автобус нь эхлээд гялалзаж гарч ирэх ч хэдхэн сарын дараа бүүдгэр саарал болчихож мэднэ. Үүнийг үгүйсгэх арга үгүй юм. Хэрэв хувийн хэвшил уг ажлыг хийх юм бол харин ч өдрөөс өдөрт өөд нь татаж, өнгө оруулаад илүү өргөжүүлээд явж дөнгөх талтай.
Сити тур аяллын автобусыг гаргахын тулд АСЕМ-аар худалдаж авсан 45 хүний суудалтай автобусыг ашиглах юм гэнэ. За энэ ч яахав байж болох хувилбар. Харин автобусыг тохижуулах, хөдөлгөөнд оролцуулах зэрэгт 120 орчим сая төгрөг зарцуулахаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас төлөвлөсөн байна. Зөвхөн 2 автобус дээр хуулга наахад л 5,320,000 төгрөг.
2 автобус аялал гаргахын тулд 90 ширхэг аудио тайлбарын төхөөрөмж авах юм гэнэ. Нэг ширхэг нь 320 мянган төгрөгийн үнэтэй уг төхөөрөмжийг авахын тулд 28,800,000 төгрөгийг төсвөөс гаргуулахаар цаасан дээр буулгаад байна.
Төрд 5 ажлын байр нэмэгдүүлнэ. Үүнд мэдээж хэрэг цалингийн асуудал сөхөгдөх учиртай. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 30 орчим сая төгрөгийг цалингийн зардалд нэмж гаргах шийдлийг Сити тур аяллын автобус гаргахын тулд олжээ.
Сити тур аяллын автобус Улаанбаатар хотод байх нь зүйтэй. Гэхдээ Нийслэлийн аялал жуулчлалын газарт бус харин хувийн хэвшилд энэ үүргийг хүлээлгэх юм. Ийм нөхцөлд төр зөвхөн бодлогоор дэмжиж, ядаж л автобусыг нь Сүхбаатарын талбайн хажууд зогсоох боломжоор хангах зэргээр ажиллаж болно. Түүнээс хувийн хэвшлийн хийж болох бизнесийн шинжтэй ажлыг төр булаах нь түмнийг хоолгүй хоно гэж байгааатай агаар нэгэн буй за.