Сугардаггүй Д.Сугар суудлаасаа бууж сэжиглэгдсэн хэрэгтээ шалгуулах уу? 

Сугардаггүй Д.Сугар суудлаасаа бууж сэжиглэгдсэн хэрэгтээ шалгуулах уу? 

Төрийн өмчийн хөрөнгө завшсан байж болзошгүй, эсвэл албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх эдлүүлсэн байх магадлалтай хэмээн байнга хардагдаж, бас зарим хэрэгт нэр нь холбогддог эрхмүүдийн нэг бол одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Д.Сугар гэхэд дэгстүүлсэн болохгүй болов уу.

Д.Сугар гэж хэн вэ?

 Гүр тайж 
ДУЛАМЫН СУГАР

Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн.

Боловсрол:
1975 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль,
1981 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургууль,
1989 онд Намын дээд сургууль
Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:
1981 онд Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга,
1989-1992 онд Хууль зүй, арбитрын яамны хэлтсийн дарга,
1992-1996 онд Хууль зүйн яамны тэргүүн дэд, дэд сайд,
1996-2000 онд Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга,
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн,
2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал,
2006-2012 онд Төрийн өмчийн хорооны дарга.

Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Төрийн дээд шагнал:
2004 онд Алтан гадас одон
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Ийм намтартай нэгэн. 2006-2012 оны хооронд буюу 6 жил Төрийн өмчийн хорооны даргаар ажиллахдаа тэрээр хоёр том хэрэгт нэр холбогдсон нэгэн билээ.

Д.Сугарын нэр холбогдсон хэргүүд !!!

Д.Сугар нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдохоос өмнө МИАТ-ын удирдлагуудын нэр холбогдсон мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн байдаг. Харин тухайн үеийн эрх баригч МАН-ынхан түүнийг хамгаалж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 2012 оны 05 сарын 09 өдрийн УИХ-ын хуралдаанаар томилсон юм. Тухайн үед 33 гишүүний дэмжлэг авч тэрээр цэцийн гишүүн болж байжээ.

МИАТ-ын хэрэг гэж юу вэ?

МИАТ-ын хуучин удирдлагууд болох Ц.Орхон,  Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн, Б.Бат-Эрдэнэ нарыг Дайны эрсдэлийн даатгалын мөнгийг угаасан. Их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр анхан болон дунд шатны шүүхээс өндөр ял оноож, харин дээд шүүх хэлэлцээд ялыг нь хөнгөрүүлж байсан юм. Дахин сануулахад дээд шүүхээс тухайн үед Б.Эрдэнэбилэгт 7 жилийн хорих ял, Ч.Хоролсүрэнд 8 жилийн хорих ял, Ц.Орхонд 3 жилийн хорих ял оноож байсан юм.

Дээрх эрхмүүд нь МИАТ компанийн дайны эрсдэлийн даатгалын мөнгийг ашиглан мөнгө угаах гэмт хэргээ үйлдсэн. Ингэхдээ их хэмжээний ашиг орлогыг олж хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ.

Дээрх хэрэгт тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар холбоотой хэмээн мөрдөн байцаах ажиллагааны үед хөндөгдөж байсан юм. 2012 онд Д.Сугарыг уг хэрэгт шалгах яриа гарч байсан ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсноор намжсан билээ.

Харин 2014 онд “МИАТ”-ийн хэрэгт холбоотойгоор Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг  Дүүргийн I прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд хандаж тавьсан боловч  бүтэмжтэй хариу сонсож чадаагүй байдаг. Тодруулбал   Д.Сугарын асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, “Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн дүгнэлтийг гаргаснаа прокурорт хүргүүлж байсан билээ.

 Уг дүгнэлтэд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ” гэснийг үндэслэл болгон шийдвэрлэж, Д.Сугарт холбогдох хэргийг заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэсэн хариуг өгснөөр уг хэрэг дахин намжсан байдаг юм.

Д.Сугарын нэр МИАТ-ын хэргээс гадна Эрдэнэт, Хөтөлийн хэрэгт ч нэр нь холбогддог

Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулсан ашиглаж хууль бусаар мөнгө угаасан, завшсан гэх хэрэгт нэр холбогдож, хардагдсаар яваа нэгэн. Тодруулбал, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая ам.долларыг “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү гурван үе шаттайгаар зээлж авахдаа барьцаандаа Монголын төрийн өмчит улсын үйлдвэр болох “Эрдэнэт”-ийг тавьсан  гэх хэрэгт  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар холбоотой эсэхийг шалгаж байсан. Эцэслэн холбоогүй хэмээн хууль хяналтын өнөөдрийг хүртэл тогтоогоогүй.

Иргэн бүр хардах эрхийнхээ хүрээнд холбоотой эсэхийг нь мэдэхийг хүсч л яваа.

Ийнхүү сугардаггүй Д.Сугар гэх эрхмийн халдашгүй бүрэн эрхийн хугацаа хэдхэн хоногийн дараа дуусгавар болох гэж байна. Хэрэв түүний үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн нөхцөлд Авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн байгууллагынхан дээрх хэргүүдэд нөхөн хэлэлцэж, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг нь шалгах болов уу?