Д.Гантулгад зориулсан зохиомол “Зэлтэрийн гацаа”

Д.Гантулгад зориулсан зохиомол “Зэлтэрийн гацаа”

Базаахгүй хэрэгт холбогдож, “бандааш” гэх хоч зүүгээд буй Д.Гантулгын талаар намын бүлгүүд, байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, чуулганы хуралдаан гээд  саарал ордон шат шатандаа ярилцав. Намынхаа нэрийг хамгаалах гэсэн  МАН-ынхан энэ хооронд “маск”-аа хэдэн ч удаа солив. Бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя гэсэн гишүүнийхээ хүсэлтийг хүчээр дарж гүрийв.

Эцэст нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржоороо “Энэ асуудал хуулийн мухардалд орсон” хэмээн сүртэй гэгч зарлуулж байгаад Д.Гантулгыг аврах хуулийн төсөл санаачлахаар болсон нь УИХ-ын төвшинд дөнгөж одоо л  ярьж  эхэллээ.  Учир нь Ц.Нямдорж сайдын хэлээд  байгаа хуулийн мухардлыг Д.Лүндээжанцан гишүүн залруулж, төсөл санаачилжээ. Одоо байнгын хороо,  чуулганаар хэлэлцэх, батлах гэхчлэн дахин олон шат дамжлагаар орно. Нөгөө “Харганын ноосыг цуглуулаад эсгий хийнэ” гэдэг үлгэр шиг дургүйд хүчгүй гэгч л энэ байх.

Уг нь “Хуулийн мухардал” гэдэг нь тийм сүйдтэй гацаа бас биш. Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу Их Хурлын  гишүүн  гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримтын хамт баригдсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн заалтыг хүчингүй болгосныг УИХ  хууль­даа өөрчилж тусгаагүй байсан. Иймээс нэмэлт, өөрчлөлт оруу­лах төсөл санаачлан боловсруулах шаардлага гарсан гэж буй.

Гэтэл заавал хуульд өөрчлөлт оруулж байж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ  гэсэн нь муйхарлал  болохыг АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  мэдэгдсэн. Хуулийн гарц байгааг тэрээр “Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардал гэсэн ойлголт байх ёсгүй. Гишүүний ёсзүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 19.3-т зааснаар хэрвээ гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ гаргасан нөхцөлд УИХ-ын байр сууриар шийдвэрлэх ёстой “ гэж тайлбарласан.

АТГ-аас  саяхан  /2018.04.25/ мэдээлэл хийхдээ “Д.Гантулга гишүүний асуудлыг шалгаад  дуусч байгаа” гэж мэдээлсэн. Ингэхдээ хууль мухардсан гэж хэлээгүй. Ер нь бол “Хуулийн мухардал” гээч нь юу болох талаар олон хуульч ярьсан.  Хэвлэлүүд ч бичсэн. Д.Гантулга гишүүнтэй холбоотой хэргийн хохирогч Н-ийн өмгөөлөгч, хуульч   Б.Мэргэн “Хуулийг хэрэглэе гэвэл нөөц боломж, бас  гарц бий. Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулийн 29.3-д зааснаар шийдвэрлэх боломжтой” хэмээн   мэдэгдэж байв. Үндсэн хуулийн энэ  заалтад “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон то­хиол­долд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асууд­лыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Тэгвэл прокурорын байгууллага Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг ганц УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслээгүй. Үндсэн хуулийн заалтыг ч гэсэн хамт дурдаж өгсөн гэдгийг тэрээр мөн хэлсэн. Түүнчлэн “МАН-ын бүлэг, УИХ-ын гишүүд өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ яриад хэрэггүй гэсэн хэсгээ ярихгүй байна. УИХ-ын тухай хуулийн 6.9-1 гэдэг заалт хэрвээ байсан бол Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж болохоор байсан юм гэсэн ойлголт төрүүлээд байгаа. Гэтэл энэ нь  эсрэг утгатай  юм.  Хэрэв  уг заалт хүчингүй болоогүй байсан бол энэ асуудлыг харин ч бүр хэлэлцэх боломжгүй байхаар байсан юм”  хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.

Энэ бүхэн МАН-ын гишүүдийн хэлээд байгаа “хуулийн мухардал” гээч нь  зохиомол зүйл болохын нотолгоо биш үү.

Тэгэхээр гол асуудал нь хуульдаа биш, бас Д.Гантулга намдаа гавьяатай гайхамшигтай сайн гишүүн байсанд ч биш юм. Харин МАН  арьсаа яаж хамгаалах вэ, цаашлаад Монгол төрийн нэр хүндэд учруулсан хохирлоо яаж чимээгүйхэн аргацааж өнгөрүүлэх вэ, өөрсдийн муу муухайг хэрхэн  баллуурдах вэ гэдэгт л оршиж байна уу даа. Ямар манай нам 100 гаруй жилийн настай, нүдний хараа муудсанаас хүнээ буруу таньжээ гэлтэй биш.

Тиймээс   эрх барьж буйгаараа далимдуулан   “Зохиомол Зэлтэрийн гацаа” үүсгэж цаг хожихоор шийдсэн нь энэ бололтой.   Хуульд байгаа гарц, гаргалгааг  байхгүй юм шигээр тайлбарлаад эсвэл огт мэдэхгүй, олж хараагүй юм шиг авирлаад байгааг өөрөөр яаж тайлбарлах вэ. Энэ байдлаар бол “Бандааш”-тайгаа ирэх намрыг угтаж мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ