Улс төрийн рейтинг тогтоох олон төрлийн судалгаа байдаг. Саяхан “Сант марал” судалгааны төвөөс ээлжит судалгаагаа танилцуулсан билээ. Тус судалгаагаар улс төрчийн рейтингийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тэргүүлж байна.
Дээрх судалгаатай зэрэгцэн танилцуулагдсан бас нэг судалгаа бол хараат бус судалгааны MMCG юм. Тус байгууллагын гаргасан судалгаанд оролцогчдын 55% эмэгтэй 45% нь эрэгтэй. Насны ангиллаар авч үзвэл 14-дээш насны бүх төлөөлөл багтсан байна.
Өнгөрсөн он жилүүдийг харах юм бол Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа улс төрчийн рейтинг тогтмол хэвийн эсвэл өсөлттэй явж ирдэг. Харин Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаа улс төрчийн рейтинг тогтмол унаж, буурч ирсэн. Үүнд олон шалтгаан бий. Тухайлбал, Ерөнхий сайд гэдэг албан тушаал нь гүйцэтгэх засаглалын тэргүүн. Тэр утгаараа улсын хөгжлийн хөдөлгүүр гэж болно. Хэрэв уг албан тушаал дээр очсон хүн хоосон амлаж, ам нь хөдлөөд үйлдэл нь зогсонги байвал рейтинг нь буурна.
Нөгөө талд нь ам нь ч хөдлөхгүй, хийх ажил нь ч байхгүй, зориг зүрх муутай байх юм бол бас л рейтинг нь буурна. Өнгөрсөн он жилүүдийг харах юм бол Ерөнхий сайдын албан тушаалыг хашаад сайн нэртэй, түмэнд таалагдаж байсан хүн хуруу дарам цөөхөн. Ихэнх Ерөнхий сайд нарын хувьд хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого нь олон нийтийн хүсэлд төдийлөн нийцээгүй юу? Эсвэл өөр шалтгаан байсан уу? Ямартай ч рейтинг нь буурсан үзүүлэлттэй байдаг юм.
Тухайлбал Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын анх ажил авахад нь итгэж байсан иргэдийн итгэл 6 сарын дараа гэхэд дор хаяж 8 функтээр буурч байсан нь судалгааны дүнгээр харагддаг юм.
Дээрх 3 улс төрчөөс рейтингээ өсгөөгүй ч буурах үзүүлэлтийг нь бага зэрэг хадгалж байсан нь Н.Алтанхуяг. Харин Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын хувьд рейтинг нь өсөхгүй буурсаар ажлаа өгч байв. Н.Алтанхуягын хувьд ч анх ажил авахад нь байсан түүний хувийн улс төрийн рейтинг ажлаа өгөхөд нь буурсан үзүүлэлттэй л байлаа.
Харин өнөөдөр Ерөнхий сайдаар ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн хувьд нөхцөл байдал өөр байна. Түүнд итгэх иргэдийн итгэл албан тушаал авсан цагаас нь тодорхой хэмжээгээр өсч байгаа талаар судлаачид өгүүлэх болжээ. Сүүлд гарсан судалгаанаас харахад олон нийтийн САЙН хэмээн үнэлж байгаа улс төрчийн тэргүүн эгнээнд 27% үнэлгээтэйгээр У.Хүрэлсүх бичигдэж байна. Харин түүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга 28% үнэлгээтэй байгаа юм.
Олон нийтийн зүгээс улс төрчийг үнэлж байгаа хэд хэдэн хэмжүүр бий. Үйл ажиллагааг нь сайн хэмээн үнэлж байгаа нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь үйл ажиллагаа, улс төрийн байр суурь, хэрэгжүүлж байгаа бодлогыг нь муу хэмээн үнэлж байх жишээтэй. Энэ дундаас хэнийх нь үнэлгээ нэмэх гарч байна. Түүний улс төрийн гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа бодлого нь зөв байна гэсэн үг. Энэ талаас нь харах юм бол олон нийтэд таалагддаг улс төрчдийн 2 нь л нэмэх үзүүлэлттэй гарсан байх юм.
Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын сайн болон муу гэсэн үнэлгээний дундыг гаргахад +6,2% үзүүлэлттэй гарчээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дээрх үзүүлэлт +4,3% байсан байна.
Энэ хоёр улс төрчөөс бусад улс төрчдийн хувьд сайн болон муу гэсэн дэмжлэг авч байгаа үнэлгээний нийлбэр нь дандаа хасах үзүүлэлттэй гарсан байгаа юм. Нэг үгээр хэлбэл олон нийтийн зүгээс дэмжих хэсэг байгаа ч тэр хэмжээгээр эсэргүүцэх хэсэг байна гэсэн үг. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хувьд сайн гэж үзэж дэмждэг хэсэг нь илүү өндөр үзүүлэлттэй байгааг судалгаа харуулжээ.