Нийслэл хотоос барилгын материалын худалдааг нүүлгэх тухай шийдвэр Улаанбаатар хотын удирдлагуудаас удаа дараа гарч байна. 2012-2016 онд Нийслэлийг удирдсан Ардчилсан намынхан ийм шийдвэр гаргасан. Үр дүн байхгүй.
2016 онд Улаанбаатар хотын удирдах болсон МАН-ынхан бас л ийм хүсэлт, шийдвэрийг хурал зөвлөгөөнөөр хэдэнтээ гаргаад байна. Сүхбаатар дүүргийн 9 болон 10, 11-р хорооны нутаг дэвсгэрт хамааралтай 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрийг нүүлгэх ажлын хэсэг байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрч байна.
Тус ажлын хэсгийн зүгээс ил задгай бараа зарж байгаа хэсэг иргэдийг хөөсөн. Нийтийн эзэмшлийн зам талбай дээр барилгын материал гаргаж ирээд зардаг байдлыг түр зогсоосон гэхээс өөр бодитой ажил хийсэн зүйл алга.
100 айлын гэх барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгэх бяр чадал, нөхцөл боломж өнөөдөртөө хотын удирдлагад алга бололтой. Харин өөр гарцаар уг хэсгийг өөрчлөх шийдэлд хүрэх янзтай байна.
Тухайлбал 100 айлын урд уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1,6 км авто замыг бүрэн шинэчлэх ажлыг Нийслэлийн авто замын газар эхлүүлээд байгаа юм. 2 эгнээтэй 9 метрын өргөнтэй авто зам өнөөдөр байдаг. Уг замын 14 метрын өргөнтэй болгон өөрчилж, мөн явган хүний зам, дугуйн зам байгуулах юм гэнэ. Үүнийг хийхийн тулд замруу тулгаж барьсан хашаа, зарим барилгыг нураах, нүүлгэх шаардлага тулгарах болно. Үүнийг шийдэх гэж бас л чамгүй зардал, чирэгдэл гарах нь гарцаагүй юм.
Дээрх аргыг зөв хэрэглэж чадвал 100 айл орчмын барилгын материалын худалдаа цэгцрэх боломжтой. Нөгөө талдаа 100 айл орчимд 2019 оны 01 сарын 01 гэхэд нэг ч барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхгүй байх шийдвэрийг НИТХ-аас өгөөд байгаа гэнэ.