Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлын квотын асуудлаар намын зарим гишүүд тэр дундаа Сонгино-Хайрхан дүүргийн гишүүд голдуу жагссаал өчигдөр Сүхбаатарын талбайд болсон билээ. Энэ асуудлаар МАН-ын ахмад гишүүд байр сууриа илэрхийлэхээр бидэнд хандсаныг бид бүрэн эхээр нь нийтэлж байна.
Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хурал болохтой зэрэгцэн хэд хэдэн жагсаал боллоо, цаашид ч энэ мэтээр үргэлжлэх бололтой. Хотын даргыг өмөөрөх бус, эрх баригч намын хувьд эв эеэ хичээж, эв зүйгээ ололцож, их бүтээн байгуулалт хийж байж ирэх сонгуульд дүн тавиулах учиртай юм шүү гэдгийг хэлж сануулах үүднээс энэхүү захиаг хүргүүлж байна.
Нийслэлийг удирдана гэдэг амаргүй ажил. 100 жилийн түүхтэй манай нам зүгээр ч нэг санаандгүй томилгоо хийчихсэн юм биш. Улс орны ажил амьдралыг өөд нь татах, эдийн засгийн гол ачааг үүрэх хот хэмээх их айлыг удирдах хүнийг
сонгохдоо хамгийн хариуцлагатай ажиллаж чадах, хамгийн туршлагатай, нэр цэвэр хүнээ шигшиж тавьсан нь мэдээж. Гэтэл гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр ажил хийж байгаа нэгнээ нийлэн боорлож, гудамжны улс төр хийн, намын нэр хүндийг шороотой хутгаж байгаад намын гишүүд дэмжигчид бид эгдүүцэн зэвүүцэж байна.
Сонгууль дөхсөн цаг үед захиалгат жагсаалаар улс төр хийж байгаа нь намаа хорлож буй хэрэг гэж үзэж байгаа бөгөөд ерөөс энэ жагсаал, хоосон улстөр нь хэний даалгавраар, ямар углуурга санаатайгаар хийгдээд байна вэ гэдгийг ч бодох хардах хэрэгтэй болж байна.
Жагсаал зохион байгуулагч Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар нь намын жирийн гишүүдийн дэмжлэг авч одоогийн байр сууринд хүрээгүй бөгөөд “ хойноос ирээд хот миний хотонд ирээд хонь минийх” гэдэг шиг аашилж, намын үнэнч гишүүдийн дургүйцэл жигшлийг төрүүлсээр байгааг энэ дашрамд илэрхийлье. Д.Сумъяабазарын хувьд манай намын үзэл баримтлалыг дэмждэгтээ бус өөрийн хувийн бизнесээ хамгаалах зорилгоор намд орж ирснийг амтай бүхэн ярьдаг. Сандал ширээний төлөө өөр хоорондоо хэмхэлддэг, хагаран бутардаг халдварт өвчнийг намд халдааж, олон жил намд зүтгэсэн намын олон мянган гишүүдийн эрх ашиг нэр хүндийг дэвсэлж харлуулан, намын нэр хүнд үнэ цэнийг унагааж байгаа энэ үйлдлийг намын дарга удирдлагууд сануулга өгч даруй зогсоох хэрэгтэй.
Цаашдаа юугаа ч мэдэхгүй, залуусыг хоморголон элсүүлж байгаа нь албан тушаал өгөхгүй бол юу ч хийхээс буцахаа байсан ийм мэтийн хэсэг залуусын бүлгийг бий болгож байгааг намын удирдлагууд анхаарах хэрэгтэй болов уу. Эрх мэдэл сандал ширээнд дуртай, өөрийн чиг баримжаагүй, өнгө мөнгөөр өөдөө гардаг энэ мэт залуусынхаа учрыг олж, гүйдлийг нь засаж , хазаар ногтыг нь тааруулж байхгүй бол сонгуулийн өмнө намын нэр хүндийг шороотой хутгаж дуусах нь.
МАН-ын ахмад гишүүн:
С.Товуусүрэн, Д.Цэрэн, Х.Баатархүү, Х.Авирмэд, Л.Дарамзагд