Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увсын Улаангом чиглэлийн 167 км замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юанийн өртгөөр, хоёр жилийн дотор концессоор барьж гүйцэтгэхээр Засгийн газартай гэрээ байгуулжээ. Уг зам ашиглалтад орсоноор Завхан аймгийн хойд талын сумд болон Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох аж. Гэвч Улаангомын замын зургийг батлахдаа өмнө нь хйигдсэн Тосонцэнгэл–Улиастай чиглэлийн замтай уялдуулаагүйгээс 20 гаруй километр газарт зэрэгцээ зам баригдахаар болчихжээ. Тус замуудын зураг төслийг 2012 онд Зам тээврийн яамны захиалгаар хийсэн байна. Одоогийн байдлаар Улиастайн зам баригдаж эхэлсэн ч, түрүүлж баригдсан замтайгаа уялдуулан шинэ эхлэх замын зурагт ялимгүй өөрчлөлт хийж 10 км хэмнэх санаачлагыг Завханы сэтгүүлчид гаргалаа.
Энэ талаар сэтгүүлч Б.Баасанбямбаас дараах тодруулгыг авсан юм.
-Зураг төслийн уялдаагаас үүдсэн 20 гаруй км зэрэгцсэн замыг өөрчлөх боломж өнөөдөр байгаа юу?
Б.Баасанбямба: “Завханчуудын санал хүсэлтийн дагуу УИХ болон Засгийн газарт хоёр санал хүргүүлэх гэсэн юм. Нэгдүгээрт замын ажлын зураг төслөөр нэг тэнхлэгийн дагуу 25 км орчим хатуу хучилттай зам Хүрэн талд зэрэгцээ баригдах гэж байна. Тиймээс Улаангомын замын эхлэлийг дөрвөн замаас биш, 15 км-ын цаанаас Улиастайн замаас салаалж эхлүүлвэл дор хаяж 10 гаруй км замын хөрөнгө хэмнэнэ.
-Ингэж эхлүүлсэн нөхцөлд зураг төсөлд өөрчлөлт оруулах зэргээр зардал гарна гэсэн ойлголт байж болно. Тийм зүйл болох уу?
Б.Баасанбямба: Харин ч энэ нь эдийн засгийн өртгөөрөө 5-7 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэсэн тооцоог инженерүүд гаргасан. Замын зургийг ингэж өөрчлөхөд газрын байршлын хувьд ч ямар нэг хүндрэлгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлж тухайн үед салбар яам, замын мэргэжлийн зөвлөлд удаа дараа таницуулж байсан ч хүлээж аваагүй юм билээ. Үүнийг анхаарч давхардсан зэрэгцээ замыг нэг чиг болгож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагатай байна.
-5-7 тэрбум төгрөгийг улс хэмнээд орхи гэж байгаа юу? Эсвэл нэгэнт зам зарцуулахаар тусгасан мөнгөнөөс хэмнэж гаргах зардлыг өөр бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв үү?
Б.Баасанбямба: Хэмнэсэн 10 гаруй км замын хөрөнгө болох 5-7 тэрбум төгрөгөөр дахиад зам барьж болно. Түдэвтэй сумыг шинэ замтай холбох эсвэл Нөмрөг, Сонгино, Түдэвтэй сумын төвд хатуу хучилттай зам тохижилтын ажил хийх байдлаар үр ашигтай зарцуулаасай гэж хүсч байна. Ингэсэн нөхцөлд зам дагаж хөгжил бий болно шүү дээ.