Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан болсон Монголын эдийн засгийн чуулган дээр үг хэлэхдээ Монгол улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч орноос гишүүн орон болох ёстой хэмээн мэдэгдсэн билээ.
Түүний энэхүү мэдэгдлээс хойш нийгэмд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж чухам юу болох? Мөн уг байгууллагад Монгол улс гишүүн орон болсон нөхцөлд ямар эрсдэл үүрэх, эсвэл ямар боломж нээгдэх талаар дор бүрнээ ам уралдуулан ярьж эхэллээ.
Монгол Улсын Гадаад бодлогыг Засгийн газрын хүсэлт гаргасан ёсоор Улсын Их Хурал эцэслэн шийднэ. Харин Ерөнхийлөгчийн хувьд Улсын Их Хурлаас гаргасан Монгол улсын гадаад бодлогын баримт бичгийн хүрээнд улс орноо төлөөлөх бүрэн эрхтэй. Түүнээс гадаад бодлогын талаар шийдвэр гаргаж, эсвэл гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх эрх мэдэл байхгүй ээ.
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн л гадаад бодлого дээр алдаа гаргаж байсан. Түүний хувьд Улсын Их хуралд санал оруулаагүй, Засгийн газартай зөвшилцөөгүй хэрнээ гэнэт л төвийг сахих бодлого гэгчийг, НҮБ-ийн хурал дээр мэдэгдэж байв. Үүнийг л гадаад харилцааны судлаачид тухайн үед шүүмжилж байсан билээ. Ц.Элбэгдоржийн гаргасан энэ алдааг Ерөнхийлөгч Х.Баттулга дахин давтах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хувьд хэрэв санал нэгдэж Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болгосон нөхцөлд Монгол Улс хоёр хөршийнхөө улс төр, эдийн засгийн нөлөөнд орох магадлалтай хэмээн судлаачид үзэж байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн асан Д.Энхбат: МСонгол улс ШХАБ-д элссэн нөхцөлд шууд БНХАУ-ын нөлөөнд автах болно. Бид эдийн засгийн хувьд урагшаа хазайчихсан. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болсон нөхцөлд шууд улс төрийн хувьд урагшаа хазайна гэв.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмжүүжин: Монгол улсыг зарж худалдах гэж энэ хоёр хүн төрийн дээр суугаагүй. Монгол улсыг хэдээр худалдаж байгааг мэдмээр байна хэмээн жиргэв. Үүний цаана ШХАБ-д Монгол улс орсон нөхцөлд тусгаар тогтнолоо алдах эрсдэлтэй гэдгийг хэлжээ.
Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д Монгол улс элсэх болоогүй. Ажиглагчаараа явахад манайд хангалттай хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Нийгмийн сүлжээнд ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх талаар олон байр суурь бий. Тэр дундаа уг байгууллагад гишүүнээр элсэхгүй байх нь зүйтэй гэсэн чиг хандлага их байна. Монгол Улсын Хувьд 1992 оны үндсэн хуулиар гадаад харилцааны бодлогоо товч бөгөөд маш тодорхой тусгаж өгсөн. Энэхүү бодлого нь цаашид ч хэрэгжих ёстой хэмээн ахмад дипломатууд хэлж байна. Учир нь Монгол улсын үндсэн хуулинд Гадаад бодлогын хүрээнд хоёр хөрштэйгөө өнгөрсөн найрамдалд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гуравдагч хөршийн бодлогыг баримтлах болно хэмээн бичсэн. Энэ нь БНХАУ болон Орос улстай хамтын ажиллагааны хувьд нээлттэй, цар хүрээний хувьд том байна. ҮҮний хажуугаар гуравдагч оронтой хамтын ажиллагааг өрнүүлнэ гэсэн үг. Энэ бодлгоос ухарч болохгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
ШХАБ-ын гишүүн болно гэдэг нь гуравдагч хөршийн бодлогоос ухрах эрсдэлтэй. Жишээ нь НҮБ-ийн гаргасан нэгэн шийдвэрийг Орос, БНХАУ эсэргүүцэх болов. Ийм нөхцөлд ШХАБ-ын гишүүн орнуудыг тухайн хоёр улсыг дэмжих талаар шахаж эхлэх болно. Ингэсэн нөхцөлд Монгол улс хэцүү байдалд орно. Ийм учраас л ажиглагч байх нь зүйтэй хэмээн тайлбарлах хүн олон байна.