ВЭБ ДИЗАЙН, ЖАВА ХӨГЖҮҮЛЭГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ВЭБ ДИЗАЙН, ЖАВА ХӨГЖҮҮЛЭГЧИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн ээлжит  сургалтыг  үнэ төлбөргүй зохион байгуулж эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран дээрх сургалтыг өнгөрсөн оноос эхлэн явуулж буй юм.

Энэ удаагийн элсэлтээр Вэб дизайны ангид 30, ЖАВА хөгжүүлэгчийн ангид 22 иргэн 3 сарын хугацаанд суралцана.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих  төвийн дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв нь  72 компьютертой 3 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 онд нийт 1500 орчим залуусыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаснаас, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 150 гаруй залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлж, 45 залууг ажлын байртай болоход  холбож ажиллалаа хэмээн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.