Төмрийн хогон дээр хаях 1000 вагоны төлбөрийг Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа, Д.Ганбат нарын хэн нь төлөх вэ?
Монгол улсад хууль журам, хэрэг хүлээдэг хүн байхгүй болсон гэдэг нь дахин батлагдсан нэгэн үйл явдал өрнөж эхлэв. Улаанбаатар төмөр зам хэмээх хувь нийлүүлсэн нийгэмлэг байдаг. Сүүлийн үед уг байгууллагын даргыг монгол хүн ээлжлэн хаших болсон. Уг нь бол Орос, Монгол орны хамтарсан байгууллага учир ээлжлэн дарга нь солигддог байв. Харин сүүлийн 10 гаруй жил зөвхөн Монгол хүн л дарга болсоор иржээ.
Одоо Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Жигжиднямаа гэгч ажиллаж байна. Анх томилогдохдоо л хэл ам таталж, хэрүүл тэмцэл өрнүүлж байсан нэгэн. Өнөөдөр ч түүнийг тойрсон элдэв хардлага бүхий мэдээлэл хөвөрсөөр байна. Үүний нэг нь төмрийн сэг дээр хаях болчихсон 1000 вагон оруулж ирсэн гэх дуулиан.
Ж.Эрдэнэбатын засгийн газарт Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат төмөр замын ачаа тээврийн эргэлт нэмэгдсэн учир вагон оруулж ирэх хүсэлтийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт өгсөн гэнэ. 7-10 жил ашиглаж болох вагон оруулж ирээрэй хэмээн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Жигжиднямаа болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн монголын талын дарга болох Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нарт үүрэг чиглэл өгчээ.
1000 вагон оруулах үүрэг чиглэл авсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Жигжиднямаа, Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нар үүрэг даалгавар биелүүлсэн. 1000 вагон оруулж ирсэн. Гэвч тэрхүү 1000 вагон нь төмрийн сэг дээр хаях, 7-10 жил ашиглах нь бүү хэл ганц жил ашиглахад бэрх хуучирч, муудсан вагон байсан хэмээн өнөөдөр төмөр замчид шаагиж байна.
Зам тээвэр хөгжлийн сайд асан Д.Ганбатын хувьд өгсөн үүрэг даалгаварыг өөрсдөө ашигтай, улсад хохиролтойгоор Б.Цогтгэрэл, Жигжиднямаа нар шийдсэн байна хэмээн халаглаж байгаа гэнэ. Үнэхээр л сайд асан Д.Ганбат үүрэг чиглэл өгсөн юм бол биелэлтийг нь яагаад хянаагүй вэ? Эсвэл анхнаасаа үгсэн ярилцаж 1000 вагон оруулах гэж байсан уу хэмээн хардах иргэд олон байна.
Ямартай ч 1000 вагон оруулж ирсэн нь үнэн. Тэрхүү вагон нь Зам тээвэр хөгжлийн сайдын гаргасан тушаалын дагуу стандартын шаардлага хангахгүй байгаа. ОХУ-д ашиглах боломжгүй хэмээн акталсан төмрийн сэгийг манай төрийн томчууд худалдан авч, улсад хохирол учруулсан байж болзошгүй гэдгийг одоогийн Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нэгэн хэвлэлд өгсөн ярилцагадаа дурдсан байна.
Ямартай ч 1000 вагоныг ОХУ-аас худалдан авч, хилээр оруулж ирсэн гэм буруутай үйлдлийнхээ төлөө Зам тээвэр, хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээвэр хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Улаанбаатар төмөр зам- ХНН-ийн дарга Жигжиднямаа нар хариуцлага хүлээх ёстой. Тэдний хэн нь буруутай вэ? Үнэхээр л өөрийгөө буруугүй гэж бодож байгаа бол гуравууллаа хөтөлцөөд Авлигатай тэмцэх газарт очиж шалгуулах нь ёс зүйд нь нийцэх буй за.