УИХ-ын 2 ч гишүүн хүчин болон садар самууны хэрэгт нэр нь холбогдож, хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр яригдсан билээ. Уг хоёр гишүүний хувьд хэрэг үйлдсэн эсэх нь хамаагүй. Үүнийг шүүхээр л эцэслэн тогтоох ёстой.
Нэгэнт л гэр бүлээс гадуурх харилцааны талаар хэл аманд өртсөн учир ёс зүйн хариуцлага хүлээх нь зүйд нийцэх ёстой хэмээн олон нийтийн зарим төлөөлөл илэрхийлэх болсон билээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх талаар олон санал гарч байсан. Зарим нь бүр гишүүнээс нь сайн дураар нь татгалзуулах гэж үзсэн билээ.
Гэвч дээрх хоёр гишүүний хувьд аль аль нь хэргийнхээ талаар тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзаж ирсэн байдаг.
УИХ-ын гишүүн Д.Гантулга нэр холбогдсон хэргийнхээ тухай Төрийн ордонд мэдээлэл хийж байв. Тэрээр мэдээлэл хийхдээ “бандаашаа өмсөөд гарсан” хэмээн хэлсэн нь БАНДААШ ГАНТУЛГА гэх гуншинг зарим хүмүүсээс зүүх болсон. Түүний хувьд өнөөгийн УИХ-ын хамгийн залуу гишүүн. Хэнтий аймгаас иргэдийн итгэл хүлээж сонгогдсон түүнийг ирээдүйтэй улс төрч хэмээн нэг хэсэг нь магтаж байсан ч ийнхүү бүдэрчихээд байгаа билээ.
УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд эрхтнээ гаргасан зургаа эмэгтэй хүнд явуулсан гэх ярианы эзэн болсон. Түүний эрхтэнээ гаргасан зургийг нийгмийн сүлжээнд тавьсан хүн нь нэр холбогдсон иргэн Б гэгч. Харин өнөөдөр уг хэрэг чухам ямар шатандаа орсон талаарх мэдээлэл бүрхэг байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Д.Мурат нь өөрийнх нь хувийн нууцыг задруулсан хэмээн нэгэн сэтгүүлчийг буруутгаад байгаа сурагтай. Үнэн хэрэгтээ түүний хувийн нууцыг нийгмийн сүлжээнд тараасан хүн нь өөрөө гэж зарим хүмүүс жиргэх болжээ. Бусдад нууц зургаа явуулсан. Тэр зургийг нь иргэн Б нийгмийн сүлжээнд анх тавьсан. Тэрхүү зургийг нь ашиглаж мэдээ бэлтгэсэн сэтгүүлчийг буруутгах нь утга үгүй хэмээн ярих хуульчид байна.
Ийнхүү дээрх хоёр эрхмийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий Прокурорын газраас гаргаад байна. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. 65 гишүүнтэй МАН-ын хувьд Д.Гантулга гишүүнээр туг тахих шиг амархан зүйл байхгүй. Тэдэнд гарзтай зүйл биш. Харин Ардчилсан намын хувьд Д.Мурат бол үнэ цэнэтэй. 9 гишүүнтэй УИХ дахь АН-ын бүлгийн хувьд хэрэв Д.Муратыг тавиад туучихвал бүлэг байхгүй болно. Ийм нөхцөлд нөхөн сонгуульд хамаг хүчээ хаях хэрэг гарна. МАН 64 гишүүнтэй болсон ч ажил нь явдагаараа явж, асуудал бүр нь шийдэгдэх боломжтой.
Тиймээс энэ удаад АН буулт хийж, МАН гэдийх болсон талаар чих дэлсэж байна. АН-ын хувьд Д.Муратыг авч үлдэх ганц арга нь Д.Гантулга гишүүнийг ч үлдээх гэсэн хувилбар. Аль аль нам нь барьцахгүй, асуудлыг намжаахаар сэм тохиролцохоор ярилцаж эхэлсэн гэнэ.
Гэхдээ МАН-ын олон гишүүн Улсын Ерөнхий прокурорын гаргасан саналыг дэмжээд явах хэрэгтэй. Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг нь түтгэлзүүлчих. Ийм нөхцөлд АН бүлэг үгүй болж, МАН-д л илүү давуу байдал үүсэх сайн талтай хэмээн ярьж байгаа гэнэ.