Өнөөдөр Улсын Их хурлаар 2 гишүүнийхээ асуудлыг эцэслэн шийдвэрлэх учиртай. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газраас тавьсан билээ. Энэхүү хүсэлтийн дагуу УИХ-аас шийдвэр гаргах ёстой юм.
Улсын Ерөнхий прокурорын гаргасан хүсэлтийг Улсын Их хурал шат шатны нэгжээрээ хэлэлцэж 48 цагийн дотор эцсийн шийдвэрийг нэгдсэн чуулганаар гаргадаг. Энэ дагуу эхлээд хоёр намын бүлэг хуралдаж тус бүртээ санал солилцон нэгдсэн байр сууринд хүрэх учиртай. Үүний дараа УИХ-ын ёс зүйн дэд хороо хуралдан шийдвэр гаргана. Уг шийдвэрийг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, нэгдсэн чуулганд санал дүгнэлт оруулдаг дэгтэй юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өчигдөр хуралдахаар яригдсан ч ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг болтол хойшлуулсан. 65 гишүүнтэй МАН-ын бүлэг 32 болон 33 гэж хуваагдсан хэвээрээ байгаа гэдэг нь өчигдөр Төрийн ордонд өрнөсөн уулзалт, хэлхэлдээнээс харагдаж байлаа. Ж.Мөнхбат тэргүүтэй нэг хэсэг нь цугларч байхад нөгөө талд У.Хүрэлсүхийн талынхан уулзаж зөвлөлдөж байсан байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд Д.Гантулга гэдэг гишүүнийг хамгаалах, авч үлдэх зайлшгүй шаардлага бол байхгүй. Учир нь нэг гишүүнээ танхимаас гаргасан ч тэд олонхи хэвээрээ үлдэнэ. Иймээс үүнээс айх зүйл байхгүй хэмээн Ж.Мөнхбат нарын гишүүд үзэж байгаа сураг дуулдаж байна. Нөгөө талдаа Д.Гантулга нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцын төлөөлөл учир намын даргад шахалт үзүүлэх сайхан боломж хэмээн харах хэсэг ч байгаа гэнэ.
Харин У.Хүрэлсүхийн талынхан нэр хүндээ хамгаалж үлдэхийн тулд Д.Гантулгыг золигт гаргахаас өөр сонголт байхгүй. Хамгаалах юм бол илүү том шарх авах магадлалтай. Иймээс Улсын Ерөнхий прокурорын саналыг хүлээн авсан шийдвэрийг УИХ-аар гаргуулах нь зөв хэмээн ярилцаж байгаа гэнэ. Гэхдээ УИХ-ын хамгийн залуу гишүүнийг зүгээр л хөсөр хаячихаж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлэх улс төрчид мэр сэр байгаа дуулдаж байна. Гэхдээ олонхи нь Д.Гантулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх дээр санал нэгдсэн мэдээлэл байна.
УИХ дахь АН-ын бүлгийн хувьд Д.Муратыг өмөөрөх шаардлага алга. Хэдийгээр 9 гишүүнтэй чүй ай бүлэг болон тогтож байгаа ч Д.Муратыг өмгөөлөх юм бол 2020 оны сонгуульд нэр хүнд муутай орох болно. Тиймээс том золиос хэдий ч Д.Муратын бүрэн эрхийг түтгэлзүүлэх дээр кноп дарна. Гэхдээ бүлэг ямар нэгэн байдлаар нэгдсэн шийдвэр гаргахгүй. Шууд л Улсын Ерөнхий прокурорын гаргасан санал дээр гишүүн бүр байр сууриа илэрхийлэн оролцох нь зүйтэй гэж тохирчээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дарга С.Эрдэнэ нарын хувьд өчигдөр оройжингоо эрх баригч МАН-ын нөлөө бүхий лидерүүдтэй уулзаж, 2 гишүүнийг хэрхэх талаар зөвлөлдсөн мэдээлэл байна. Ялангуяа УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа нартай уулзсан гэдэг мэдээлэл байгаа юм. Тэдний хувьд Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түтгэлзүүлж өгөх Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг хүлээн авах дээр шөнө дөлөөр санал нэгдсэн гэх мэдээлэл байна
Д.Мурат гишүүний хувьд иргэн Б гэх эмэгтэйг сүрдүүлсэн, садар самуунд уруу татсан, эрхтнийхээ зургийг явуулсан гэх үнэн худал нь үл мэдэгдэх хэрэгт нэр холбогдоод байгаа билээ.
Д.Гантулга гишүүний хувьд иргэн Н гэгчийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан гэх хэрэгт нэр холбогдоод байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь тухайн нэр холбогдсон хэргийнхээ талаар өөрийнхөө байр суурийг өнгөрсөн онд Төрийн ордонд мэдээлэл хийж байсан юм. Түүний хувьд айлаас гарахдаа бандаашаа өмсөөд гарсан гэж хэлсэн нь өөрийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой хэмээн олон иргэд шахах болсон билээ.