Нийгмийн сүлжээнд өрнөж байгаа хэлэлцүүлгийн нэг сэдэв бол Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэн орох уу? гэдэг асуултын хариулт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эдийн засгийн чуулган дээр анх энэхүү сэдвийг хөндөн гаргаж ирсэн. ШХАБ гэгч байгууллагад Монгол улс ажиглагчаар явж ирсэн. Одоо элсэх хэрэгтэй хэмээн хэлсэн түүний үг нийгмийн сүлжээнд талцал, хэрүүл, маргааны сэдэв болчхоод байна.
Ерөнхийлөгчийн хэлсэн ШХАБ-д Монгол улс элсэх цаг нь болсон гэх мэдэгдлийн дараа Засгийн газраас уг асуудлаар УИХ-д хаалттай горимд хэлэлцэх санал оруулсан ч гал дээр тос асгах мэт асуудлыг улам дэвэргэж орхив.
Шанхай хамтын ажиллагааны байгууллага нь өнөөдрийн хувьд яг ямар чиглэлээр ажиллах үндсэн зарчимтай вэ? Гэдгээ бүрэн тодорхойлоогүй байна. Орос улсын хувьд уг байгууллагыг улс төрийн чиглэлээр ажиллуулах сонирхолтой. Харин БНХАУ-ын хувьд тус байгууллагыг эдийн засгийн чиглэлээр ажиллуулах хүсэлтэй. Гэвч уг байгууллагын гол санхүүжүүлэгч, мөн гол бодлого баригч хоёр том гүрний хувьд тус байгууллагыг хүссэн үедээ хаашаа ч чиглүүлж болно гэж зарим судлаачид болгоомжилж байна.
Нөгөө талд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад бодлогыг боловсруулж, гаргах ёстой албан тушаалтан биш. Тэр зөвхөн Монгол улсын их хурлаас гаргасан гадаад бодлогыг гадаадад төлөөлөх л бүрэн эрхтэй хэмээн зарим дипломатууд ярьж байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай сошиалд дайн зарласан улс төрч бол Х.Тэмүүжин. Х.Тэмүүжингийн хувьд ШХАБ-д Монгол улс элссэн нөхцөлд тусгаар тогтнолоо уут уут мөнгөөр зарчихаж байгаатай агаар нэг хэмээн байр сууриа илэрхийлж байна.
БНХАУ болон Орос улс хоорондоо үгсэн хэлэлцэж Монгол улсын тусгаар тогтнолыг үгүйсгэж байсан гашуун түүх байдаг. Ийм түүхийг дахин давтахаар эх оронч дүр эсгэж, булчин шөрмөс болсон Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хийх гэж байна хэмээн бухимдаж, өдөр бүр твиттер хуудсандаа жиргэж байгаа юм.
Түүний зарим жиргээг та бүхэнд хүргэе