ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх талаар шийдвэр гаргагчид хэлэлцэж эхэлсэн. Энэ байгуулахад элсэхийг хамгийн ихээр эсэргүүцэж, үзэл бодлооо нийгмийн сүлжээгээр илэрхийлж байгаа хүмүүсийн нэг нь та. Мэргэжлийн судлаачийн хувьд яагаад эсэргүүцээд байгаагаа тайлбарлаж болох уу?
-Жирийн монгол хүний хувьд, түүхч хүний хувьд эсэргүүцэх, дэмжихгүй байх олон шалтгаан байгаа юм. Гол шалтгаан нь хэрвээ ШХАБ-д элсвэл зуун жилийн өмнө 1915 оны Орос, Хятад, Монголын гурван улсын Хиагтын гэрээгээр автономи болсон гашуун түүх орчин үеийн хэлбэрээр давтагдахад хүрнэ. Тухайн үеийн Хиагтын гэрээгээр Ар Монголд Хятадын эзэн суух эрхийг Орос хүлээн зөвшөөрч монголчуудыг шахаж гарын үсэг зуруулсанаар хариуд нь Ар Монголд худалдаа бизнес эрхлэх давуу эрх олж авсан байдаг. Хожим 1924 онд бүр Монголыг ч оролцуулахгүйгээр Зөвлөлт, Хятадын гэрээгээр Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг оросууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Эдгээр түүхийн сургамжаас харахад Орос, Хятад хоёр эрх ашиг нь нэгдсэн газраа Монголын асуудлаар амархан тохиролцчихдог, тэр хүрээнд Монголын бие даасан байдал үгүй болж Москва, Бээжинд Монголтой холбоотой шийдвэрүүд урьдчилж гардагтүүх давтагдана. Гуравдагч хөрш гэдэг ойлголт үндсэндээ замхарна. ШХАБ-д элсвэл Оросын талаас цэрэг стратегийн зорилгоор Монголын нутагт эрчим хүч, дэд бүтэц дээр, Хятадын талаас эдийн засаг, засаглалын хувьд Монголд нөлөөгөө тогтоох болно. Гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг шахаж гаргасан зуун жилийн өмнөх түүх эхэлж байна гэж ойлгож болно.
-Дунд сургуульд байхад түүхийн хичээлээр “Гадаадын капиталыг шахан зайлуулсан нь”гэж нэгэн том бүлэг үздэг байсныг бол санаж байна. Тэнд заасныг одоо харна, тэр үйл явц давтагдаж байна гэж үү?
-Тийм. Сүүлийн 30 жилд гуравдагч орнуудаас орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюутолгойн бүтээн байгуулалтыг гардан хийж чадсан хоёр Ерөнхий сайд, нэг шилдэг монгол менежерээ бид өөрсдөө шоронд хийчхээд ял өгөх гээд сууж байна шүү дээ. 1920-иод оны сүүлээр яг л ийм үйл явц өрнөж, гуравдагч хөршийн бодлогыг тууштай хэрэгжүүлсэн удирдагчдаахөрш их гүрний оролцоотой баруунтан хэмээн цоллож яллсан түүх 100 ч хүрэхгүй жилийн өмнөхөн билээ. Өнөөдөр Оюутолгойн гэрээг хийсэн С.Баяр, Ч.Сайханбилэг хоёр Ерөнхий сайд яг л ийм жижиг орны удирдагчын гашуун түүхийг туулж байна. Б.Бямбасайхан эх оронч шийдвэр гаргасныхаа төлөө “төөрөлдсөн” эх орончдод хараалгуулж байна. Энэ бүхний шалтгааныг зөвхөн Монголын дотоод улс төрөөс хайвал шалтгаан нь олдохгүй. Монголын ардчилсан тогтолцоог хадгалах, шинэ хүйтэн дайны нөхцөлд баруунтай ойрхон “ардчилалын арал” дундаа байлгах сонирхол хөрш их гүрнүүдийн шийдвэр гаргагчдад мэдээж байхгүй. Их гүрний бодлого ингэж явдаг учраас тэднийчбуруу биш.
-ШХАБ-д элссэнээр бүх зүйл буруу зүйл болчихгүй байх. Мэдээж тэр хүрээндээ эдийн засгийн өгөөж, бүс нутгийн хамтын ажиллагаа гээдмонголд ашигтай зүйл харагдаж л байна. Та үгүйсгэхгүй биз дээ?
-Мэдээж үгүйсгэхгүй. Гэхдээ тэр төслүүдийг ШХАБ-ын гишүүн болохгүйгээр Орос, Хятад, Монголын гурван улсын удирдагчид уулзаж ярилцаад хэрэгжүүлээд явах бэлэн механизм, бүтэц бий. Хамтарч хийнэ гэдгээ олон ч удаа төрийн тэргүүнүүдийн төвшинд ярилцсан, гарын үсэг зурсан. ШХАБ-д элсэхгүй байлаа гээд “энэ бүхэн худлаа байсан юм” гэж их хөршүүд маань хэлэхгүй байх. Олон зуун жилээр хоцрогдоод байгаа учраас Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улсуудын нэг болж ороод хөрөнгө оруулалт, технологи аваад их гүрний хүчээр хөгжье гэж Монголын хэсэг сэхээтэн залуус өргөдөл бичээд Зөвлөлтийн удирдагчдад захидал өгч байсан түүх дөнгөж 70-аад жилийн өмнөхөнийх. Одоо УИХ-ын зарим гишүүн ШХАБ-д элсвэл хөрөнгө оруулалтаар “булуулаад” гялс хөгжих юм яриад байна лээ.
Миний хувьд илүү санаа зовж буй зүйл бол Монголын парламент ШХАБ-д гишүүнээр элсэхийг дэмжвэл парламентын ардчилалгүй орон болж, парламент маань гадныханд “Монголд парламент байгаа” гэж үзүүлбэр тавьдаг тайз төдий болж үлдэх эрсдэл өндөртэй. УИХ-ын нөгөө мундаг гишүүд маань хэн ч биш болж, Москва, Бээжингээс тодруулсан Ерөнхий сайдын арын фон л болох байх даа.
-Парламентын ардчилал Монголын сонгогчдын хүлээлтэд хүрэхгүй, үе үеийн парламентын нэр хүнд сонгогчдын дунд тогтмол унаж байгаа нь судалгаанаас харагдах юм.
-Харамсалтай нь Монголд сүүлийн 30 жил яригдсан либерал ардчилалаас хүлээх сонгогчдын итгэл хурдтай унаж байна. Хүлээх хүлээлт, бодит байдлын зөрүүн дээр итгэл алдсан сонгогчид илүү зүүний бодлого, илүү үндсэрхэг характер, илүү хүчтэй удирдагч хүсэж байгаа нь үнэн. Үүнийг мэдэрсэн улстөрчид ч энэ талаар бие биеэсээ илүүрхэхээр уралдаж, барууны баримжаатай хэсгээ хараах яллах марафонд орчихсон байна. Гэхдээ энэ бол парламентын ардчилсан тогтолцооны буруу гэхээсээ баруун, зүүний улстөрчид бүгд сонгогчдын хүсэж буй чадварт хүрэхгүй байгаатай холбоотой. Харж л байгаарай, тун удахгүй барууны ардчилал Монголд тохирохгүй байгаа тухай, монгол хүнд, Монгол Улсад “өөрийн онцлогтой ардчилал” тохирох тухай ярьдаг судлаачид, улстөрчид гэнэт олширно. Тэр “өөрийн онцлогтой ардчилал” нь хүчтэй удирдагчын дор нэгдсэн, парламентын эрхийг хумьсан, хувь хүний эрх чөлөөг нийтийнхээс дор тавьсан социалист хэлбэрийн тухай л байна.
-ШХАБд элсэх тухай Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар байр сууриа нэгтгэх өдрүүдийг бид хүлээж байна. Харин эцсийн хариуцлагыг хэн хүлээх билээ гэдгийг ярихгүй байгаа?
-Монгол бол парламентын засаглалтай орон. Эцсийн хариуцлагыг УИХ хүлээнэ. Тэр дундаа үнэмлэхүй олонх буюу 65 гишүүнтэй МАН гарцаагүй үүрэх ёстой. Бусад нь хоёр сантиметр. Зуун жилийн өмнө 1915 оны Хиагтын гэрээ, дараа нь автономийг устгасныг эсэргүүцэн тусгаар тогтнолын төлөө байгуулагдаж байсан энэ нам 100 жилийн ой дээрээ Монголын тусгаар тогтнол, ардчиллыг устгах эсэхийг монголчууд одоо харах ёстой. Намын дарга У.Хүрэлсүх их л эх оронч имижтэй, ижилхэн цэргийн бага дарга, эх оронч Д.Сүхбаатарыг шүтдэг Ерөнхий сайд. Шанзав Бадамдорж шиг урвагч ерөнхий сайд болох уу, Д.Сүхбаатар шиг эх оронч үлдэх үү гэдэг нь түүний сонголт. Бүгдээрээ харж л байя.
-Санал бодлоо айж эмээлгүй чөлөөтэй илэрхийлсэн танд баярлалаа.
-Мэдэж байсан ч айж эмээсэн бэртэгчин зангаасаа болж дуугүй өнгөрөөд дараа нь хэлмэгддэг нь Орос, Монголын сэхээтнүүд л байдаг. Одоо монгоын сэхээтнүүд нэгдэх, үгээ хэлэх цаг нь болсон байх.
Ярилцсан: Оргилмаа