Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Монгол Улс нь БНЭУ-ыг хамгийн ойр дотны гуравдагч хөрш орон гэж үздэг бөгөөд Стратегийн түншлэлийн харилцаандаа тэргүүлэх чиглэл өгдөг гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаар томилогдсонд нь Дотоод хэргийн сайд Ражнат Сингх баяр хүргээд БНЭУ-д айлчлахыг урилаа. Монгол Улс бол БНЭУ-ын Зүүн Хойд Ази дахь том түнш орон. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв.
Цаашид хил хамгаалах, батлан хамгаалах, боловсрол, мэдээллийн технологи, кино урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа хоёр орны хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Дели чиглэлд шууд нислэгтэй болохын тулд хүчин чармайлт гаргаж ажиллах ёстой гэдэгт талууд санал нэгдэв