Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаж байгаа билээ. Эдгээр хүмүүсийг 2 сар гаруй хугацаанд цагдан хорьж, хэргийг шалгасан. Гэвч үр дүн сайжраагүй талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийсэн байна.
Авлигатай тэмцэх газрын зүгээс Оюутолгойн хэрэг нь цар хүрээ ихтэй учир шалгах ажиллагаа удаан үргэлжлэх шинжтэй байна. Одоогоор нэмэлт мэдээлэл алга хэмээн тайлбарлаж сууна.
Эргэн сануулахад Оюутолгойн гэрээг 2009 онд С.Баярын засгийн газар хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинто ХХК-тай байгуулж байсан билээ. Энэхүү гэрээг байгуулах ажлыг С.Баяр толгойлж, Монголын талаас тухайн үеийн сангийн сайд С.Баярцогт, Уул уурхайн сайд Д..Зоригт, Байгаль орчны сайд Л.Гансүх нар гарын үсэг зурж байсан юм. С.Баярын засгийн газрын бүрэлдэхүүнд МАН болон АН-ын төлөөлөл багтаж байлаа. Хамтарсан засгийн газрын шийдвэр юм.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Ч.Сайханбилэгийн засгийн газар 2015 онд өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлт нь Дубайн гэрээ нэртэй. Уг өөрчлөлтийг хийсэн гол хүмүүс нь Ч.Сайханбилэг болон Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Бямбасайхан нар хэмээдэг. Эдгээр хүмүүсийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.
Ийнхүү олон сайд, дарга нарын нэр холбогдсон хэрэг дээр үр дүн байхгүй. Хэргийг илрүүлэх, эсвэл хэрэгт хэн нэгэн хамааралгүй гэх шийд гаргах боломжгүй байгаа хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээлээд байна. Чухам С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьж шалгаад, эрүүл мэнд нь муудаж, эмнэлэгт хэвтэх хүртэл тарчлаасан ч үр дүнд хүрээгүй бололтой.
Хэрэгт холбогдуулан шалгана. Бас тэгээд цагдан хорьж, байцаалт аваад үр дүнд хүрдэггүй юм бол хэнийг ч гэсэн цагдан хорихгүйгээр хэргийг нь шалгах нь бараг зүгээр ч юм шиг. Сүржигнэж бөөн асуудал болгон байж С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Бямбасайхан нарыг барьж хорив. Тэгтэл үр дүн алга хэмээн өөдөөс тайлбар тавьж байгаа Авлигатай тэмцэх газрын ажлыг юу гэж үнэлэх вэ?