Нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг нэмэгдүүлж байна

Нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг нэмэгдүүлж байна

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилтнуудад зориулан “ Ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах , хэрэгжүүлэх арга зүйд сургаж эхэллээ.

Улаанбаатар хотын ундны усны хэрэглээг, сайжруулах, усны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Ус сувгийн удирдах газраас шат дараалалтай арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Мөн ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэх батлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдал гэдэг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой нэн чухал салбар. Иймээс энэ тал дээр төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа Ус сувгийн удирдах газрын хувьд мэргэжилтэн албан хаагчдаа чадвахжуулах, мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлд анхаарч эхлээд байна. Үүний хүрээнд шат дараалалтай сургалт, сурталчилгааг явуулж эхэлсэн юм. Үүний нэг нь 2018 оны 06 сарын 26,27-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга зүй” хэмээх сургалт юм.   

    Уг сургалтанд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 40 инженер техникийн ажилтнууд хамрагдах  юм. Сургалтаар Ундны усны аюулгүй байдлын хөтөлбөр төлөвлөгөө, ус хангамж ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр улс нийслэлээс баримталж буй бодлого болон эрсдэлийн үнэлгээ тодорхойлох зэрэг арга зүйд суралцах юм.

Ус сувгийн удирдах газрын зүгээс ундны усны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал орон сууцны айл өрхүүдийн хувьд крантнаасаа цэвэр ус ууж чадахгүй байна хэмээн гомдлох болсон. Ялангуяа хуучны орон сууцны айл өрхүүдийн крантнаас зэвтэй ус гардаг тухай их ярьдаг. Иймээс энэ асуудлыг шийдэх хүрээнд томоохон ажлыг эхлүүлсэн юм. Энэ бол цэвэр усны шугам, сүлжээг шинээр доторлох ажил. Энэхүү ажил хийгдсэнээр орон сууцны айл өрхүүд дахин зэвтэй ус уухгүй гэсэн үг.

Мөн ундны усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг сайжруулах, туул голын эрэг дагуух цэвэр усны шугам сүлжээний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, харуул хамгаалалтыг сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээг авч эхэлжээ. Энэ бүхнийг хэрэгжүүлж, хэрэглэгчдэд хамгийн ойр ажиллах хүмүүс дээрх сургалтанд хамрагдаж, мэдлэгээ нэмэгдүүлж байна.