Та бидний сэтгэлийг өвтгөж, зүрхийг шархлуулж, нулимс дуслуулж байгаа асуудлын нэг бол яах аргагүй бага насны хүүхэд тоглож байгаад амь насаа алдах явдал юм. Ганц сар хүрэгүй хугацаанд 11настай хоёр хүүхэд тоглож яваад амь насаа алдаж нийгмийн цочроогоод байна.
Тухайлбал Шар хадны эцэст байрлах 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы төмөр дарагдаж нас барав. Хөлбөмбөгийн талбайн хаалга унаж байгаа тухай, тухайн хаалганы төмөр байнга салдаг талаар сургуулийн ажилчид болон хүүхдүүд мэдэж байжээ. Гэвч тухайн хаалгыг засах, эсвэл аюулгүй байдлыг хангах хүртэл хүүхдийг тоглуулахгүй байх тал хэн ч ямар ч арга хэмжээ авсангүй.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бас л бага насны хүүхэд тоглож яваад эмийн сангийн хаалганд наалдсан тогны утасны тогонд цохиулж амь насаа алдлаа. Тухайн эмийн сангийн хаалганд тогны хүчдэл гүйсэн гэдгийг эргэн тойрны хүн бүр мэдэж байжээ. Мөн эмийн сангийн ажилчид хүртэл мэдсэн гэнэ. Гэвч засах, янзлах тал дээр хэн нь ч санаа тавьсангүй. Үүний улмаас бас л бага насны хүүхэд эндэв.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эргэдэг пуужин хэмээн тоглоом хугарч дотор нь сууж байсан хүүхдүүд хүнд болон хөнгөн бэртэв. Энэ хэргийн талаар хэн ч ярьсангүй, бас анхаарч үзсэнгүй. Уг нь паркын тоглоом хамгийн аюулгүй байх ёстой. Гэтэл аюулгүй байдал тэнд алга байжээ.
Энэ бол сар хүрэхгүй хугацаанд гарсан, бас олон нийт мэдсэн хэдхэн хэрэг. Үүнээс өөр та бидний мэдээгүй, хүүхэд тоглож байгаад бэртэж, гэмтэх, эрүүл мэндээрээ хохирсон жишээ байж мэднэ. Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд асуудалд анхаарал хандуулж, Засгийн газраас мэдээлэл сонсохоор болжээ. Уг мэдээллийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хийх Засгийн газрын ажлыг сонсч, УИХ-аас тодорхой үүрэг чиглэлийг өгөх юм байна.