ГАДААДАД ТӨГСӨГЧДИЙН НЭГДСЭН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

ГАДААДАД ТӨГСӨГЧДИЙН НЭГДСЭН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадад сурч, боловсрол эзэмшсэн залуучуудыг эх орондоо хөдөлмөр эрхлэхийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл" ТББ-тай хамтран “МОНГОЛ ОЮУНЫГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ” уриатай “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалт”-ыг 2018 оны 6-р сарын 30-ны өдөр буюу маргааш Шангрила зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтын бүртгэл 08:00 цагт эхлэх бөгөөд гадаадад сурч боловсрол эзэмшсэн залуучууд болон одоо сурч байгаа оюутан залуучуудад нээлттэй үйл ажиллагаа болно.

Тус үйл ажиллагааны үеэр ажлын байрны нээлттэй өдөрлөг болох тул Эрхэм залуучууд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулга уулзалтаар дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эвлэлдэн нэгдэж, эх орныхоо хөгжил дэвшилд, түүний дотор нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлэхийн зэрэгцээ “Гадаадад төгсөгч залуучуудыг бодлоготойгоор дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг нийслэлийн Засаг даргад танилцуулж, хөтөлбөрийн төслийг өргөн барих гэж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн үйл ажиллагаа дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Үүнд:

- Гадаадад төгсөгч залуучуудын дуу хоолойг нэгтгэн, тодорхой төсөл, хөтөлбөрт уриалан оролцуулах, идэвхжүүлэх, үүнийг Нийслэлийн хөгжилд чиглүүлэх,

- Өндөр хөгжилтэй орны хөгжсөн, шалгарсан туршлагаас судлах, цаашлаад Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд бодитоор хувь нэмэр болох 2 төслийг жил бүр Нийслэлийн удирдлагад танилцуулах, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,

- Суралцсан орныхоо чадварлаг боловсон хүчин, мэргэжилтэн, түншүүдийг шаардлагатай төрийн болон хувийн хэвшлийн салбарт гарч ирэх ажлын байранд нь холбож, гүүр болсноор хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргах,

- Хөгжлийн тусламж үзүүлдэг улс орнууд, хандивлагч олон улсын байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах, шаардлагатай боловсон хүчнээр хангаж дэмжлэг үзүүлэх,

- Гадаадад төгсөгч залуучуудын мэдээллийн баазыг үүсгэх, улмаар шаардлагатай ажил олгогч болон төсөл хөтөлбөрт оролцуулах боломжийг бүрдүүлэх болно. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Холбоо барих утасны дугаар 9712-5557