БНХАУ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ГХЯ, ХНХЯ, ГБХЗХГ, НАЖГ, МЗХ ТББ-тай хамтран улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын чиглэлээр туршлага солилцох уулзалтыг 2018 оны 07 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын төрийн болон төрийн бус байгууллага, оюутан залуучуудын төлөөллүүд өнөөдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар БНХАУ-ын 50 залуучуудад мэдээлэл хийж, “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэдэх “Мэдээлэл технологийн сургалтын төв”-ийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус төвийг “А” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д гарааны бизнесээ эхлүүлж байгаа бөгөөд тэдгээр залуучуудын төлөөлөл С.Ууганбаяр “Цахим гишүүнчлэлийн карт” төслөө 13 фитнесс клубүүдэд хэрхэн нэвтрүүлсэн тухай мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр манай улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажлаа танилцуулан, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцов. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.