Азийн сайд нар Улаанбаатар хотноо чуулж эхэллээ

Азийн сайд нар Улаанбаатар хотноо чуулж эхэллээ

Энэ өдрүүдэд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” Улаанбаатар хотноо болж байна.

Хоёр жил тутам болдог энэ хурлаар Азийн 50 орны хоёр мянга гаруй төлөөлөгч дэлхийн болон бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Бага хурал нь бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах замаар тулгамдсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ арга замыг нээх боломжийг оролцогч улсуудад олгодог.

Мөн хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг хэрэгжсэн өнгөрсөн гурван жилд хэрэгжүүлсэн гол арга хэмжээг танилцуулж, хэлэлцүүлнэ. Түүнчлэн 2016 онд болсон хурлаар батласан Шинэ Делигийн Тунхаглал, Азийн бүсийн төлөвлөгөө, 10 оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл, тэдний хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг дүгнэх юм. 

 “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-2018”-аас Улаанбаатарын тунхаглал. 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэх, оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл  зэрэг үндсэн баримт бичгийг батлан гаргана.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон хэлсэн үгнээс хүргэе.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч,

эрхэмсэг хатагтай Мизутори,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд хүрэлцэн ирсэн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Засгийн газар, НҮБ  болон бусад оролцогч талын төлөөлөл Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлэн мэндчилье.Та бүхэн Монголын сайхан оронд тавтай морилно уу.

2015 оны “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-т үндэсний болон бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Гамшгийн эрсдэлийг ойлгох; Гамшгийн эрсдэлийг удирдах засаглалыг бэхжүүлэх; Гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулах; Гамшгийн бэлэн байдлыг хангах, түүний дараах сэргээн босголт, нөхөн сэргээлтэд "сайжруулан сэргээн барих" үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлд хандуулахаар тодорхойлсон билээ. 

Мөн онд дэлхий нийтийн хөгжлийн дараагийн 15 жилийн хөтөч болсон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ийн зэрэгцээ “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр”, “Хотжилтын шинэ хөтөлбөр”  зэрэг чухал баримт бичиг батлагдсаныг та бид хамтран хэрэгжүүлж байна. 

Тогтвортой хөгжил  нь олон талыг хамарсан цогц үйл ажиллагаа тул эдгээр баримт бичгийг амжилттай, уялдаа холбоотой хэрэгжүүлэх нь та бидний өмнө тавигдаж буй эрхэм зорилго төдийгүй хэрэгцээ, шаардлага болоод байна.

 Хүндэт хатагтай ноёдоо,

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн баримт бичиг батлагдсанаас хойшхи гурван жил хагасын хугацаанд бид Азийн бүсийн төлөвлөгөө болон Шинэ Делигийн тунхаглалыг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Сүүлийн 15 жилд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал нь гамшигт хамгийн ихээр өртдөг манай тивийн улс орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ярьж хэлэлцэх, санаа бодлоо солилцох, хамтран шийдвэр гаргах үүрэгтэй хамтын ажиллагааны идэвхтэй механизм болон хөгжиж байна. 

Өнгөрсөн хугацаанд бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, түүний бүсийн төвийн үүрэг оролцоо, дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг энд цохон тэмдэглэхийг хүсч байна.

Энэ удаагийн бага хурлаар бид Шинэ Делигийн тунхаглал, Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн дүгнэх, 2018-2020 онд хэрэгжүүлэх бүсийн төлөвлөгөөг батлах зэрэг улс төрийн чухал шийдэл гаргах, улмаар улс орнууд сайн дурын амлалт авах, талууд харилцан туршлага солилцох боломжийг олгож байна.

Эрхэмсэг хатагтай ноёдоо,

Монгол орны газарзүй болон нийгэм, эдийн засгийн энэ өвөрмөц байдал нь гамшгийн эрсдэлийн онцгой нөхцлийг бүрдүүлж байдаг. Манай улсад хүчтэй салхи, шуурга, үер, ой, хээрийн түймэр, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, хүн амын ахуй амьдрал, улс орны эдийн засаг, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь Төв Азийн газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж улам бүр нэмэгдэх боллоо. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах нь манай төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг яах аргагүй мөн билээ.

Засгийн газар НҮБ-аас баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг бүрэн дэмжиж, улсынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилго бүхий "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ыг баталж, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо хэрэгжүүлж байна.

 Сендайн баримт бичиг батлагдсанаас хойш Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү хурдацтай шилжиж, гамшгийн удирдлагын  тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн.

Тухайлбал 2017 онд УИХ-аас Гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн баталж, үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэн, оролцогч талуудын үүргийг тодорхойлж, онцгой байдлын албаныхны эрхзүйн байдал, нийгмийн халамжийг сайжруулж, гамшгийн үеийнхүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болголоо.

2018 онд Засгийн газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж байна. Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бусГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулав. Мөн НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй, аюулгүй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болсон зэргийг дурдаж болно. 

Бүс нутгийн орнууд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсыггамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг хэмээн үнэлж байгаад бид сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Засгийн газраас Азийн сайд нарын II бага хурлын үеэр бид

·  “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах нь”,

·  “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хоёр онцлох хуралдааныг зохион байгуулна.

Хүндэт хатагтай ноёдоо,

Бүс нутгийн олон улс орон хөгжлийн бодлогоо шинэчилж, эдийн засгийн огцом өсөлтийг бий болгосноор сая сая хүн ядуурлаас гарч байна. Гэвч энэ ололт амжилттай зэрэгцэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын улмаас бүс нутагт тохиолдох гамшгийн давтамж, хамрах цар хүрээ, нийгэм-эдийн засагт учруулах хор хохирлын хэмжээ улам бүр ихэсч байгаа нь бидний  сэтгэлийг түгшээх боллоо.

Ази тивийн гамшгийн эрсдэл нь Африк тивээс дөрөв дахин, Европ болон Хойд Америкаас 25 дахин өндөр байна. НҮБ-аас гаргасан мэдээгээр Ази, Номхон далайн бүс нутагт 2000 оноос хойш жилд дунджаар 150 гаруй гамшиг тохиолдсон нь дэлхий дахинд жилд тохиолдож буй нийт гамшгийн 45 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ гамшгийн улмаас дэлхийн эдийн засагт учирсан хохирлын 38 хувь нь, гамшигт өртсөн хүн амын 85 хувь нь Ази, Номхон далайн орнуудад оногдож байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бүс нутагт хотжилт эрчимтэй явагдаж байна. Ази, Номхон далайн бүс нутагт  хөдөөгийн хүн амын тоо хот, суурин газарт амьдардаг хүн амын тооноос ямагт илүү байсан бол 2018 оноос хойш эсрэгээрээ хотын хүн ам хөдөөд амьдардаг хүн амын тооноос давж гарах нөхцөл бүрджээ. Тиймээс ирээдүйд бидэнд хотжилттой холбоотой олон асуудал тулгарах нь дамжиггүй болоод байна.

Олон мянган хүний амь насыг авч одсон Энэтхэгийн далайн цунами, Сычуаны газар хөдлөлт, Мьянмарын Наргис хар салхи болон эдийн засагт ихээхэн хохирол учруулсан Японы зүүн эргийн  газар хөдлөлтөөс үүдэлтэй гурвалсан гамшиг, Тайландын их үер, Балбын газар хөдлөлт зэрэг томоохон гамшгийн харамсалтай түүхээс сургамж авч гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, улам идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага бүс нутгийн хувьд онцгой ач холбогдолтой болоод байна.

Эрхэм хатагтай ноёдоо,

Монгол Улсын Засгийн газарт гурван удаа Онцгой байдлын асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсны  хувьд улс орны тогтвортой хөгжлийг хангах нэг гол нөхцөл нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал гэдгийг би маш сайн ойлгож мэдэрсэн. Гамшгийн голомтод ажиллан гамшигт өртсөн иргэдийн зовлонг хуваалцаж, гамшгийг даван туулах тэдний асар их эр зориг, хүсэл тэмүүлэл, тэсвэр хатуужлаас эрч хүч авч, тэдэнд дэмжлэг үзүүлэн ажиллаж, туршлага хуримтлуулсандаа бахархаж явдаг.

Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын манлайлагч төрийн түшээ хүний хувьд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд бүс нутаг, дэлхий дахинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал дэвшүүлье.  

Нэгдүгээрт. Улс орон, холбогдох бүх талд хүртээмжтэй Гамшгийн эрсдэлийн мэдээлэл, мэдлэгийн нэгдсэн сүлжээ бий болгоё:

Мэдээллийн санд тулгуурлан  шинжлэх ухааны орчин үеийн арга хэрэгслийг ашиглан гамшгийн эрсдэлийн талаарх мэдээллийг шийдвэр гаргагчид, олон нийт, иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх, мэдлэгийг хуваалцах сүлжээг бий болгох хэрэгтэй байна.

Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээний зэрэгцээ улс орон, холбогдох талууд мэдлэг, туршлагаа харилцан солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлуудаас баталсан тунхаглал, бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, тогтмол үнэлэх, олон нийтэд тайлагнах механизмыг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

 Ингэж чадвал бид гамшгийн эрсдэлийн талаар нэгдмэл, үнэн бодитой мэдээлэл авах, түүндээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах боломжтой болох юм.

Хоёрдугаарт. Гамшгийн эрсдэлийн боловсролыг бүх нийтэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлье.

Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах тухай ойлголт, мэдлэгийг албан болон албан бус боловсрол, бүх түвшний иргэний боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтаар  дамжуулан олгох нь хүн амын амьдралын хэвшил, зан үйлийг өөрчлөхөд дэмжлэг болж, эрсдэлийг бууруулах соёл, уламжлалыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Гамшгийн эрсдэлийн боловсролыг олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаач болон уугуул иргэд, хүүхэд, ахмад настан зэрэг онцлог бүлгийг хамруулсан, жендерийн мэдрэмжтэй арга, хэлбэрээр олгох нь илүү үр өгөөжтэй гэж бодож байна.

Бидний ирээдүй хүүхэд, залуучуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх мэдлэг, чадварыг эцэг, эх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх үр дүнтэй арга байх болно.

Гуравдугаарт. Хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд хоёр тэрбум гаруй хүний амьдрал зөвхөн хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байна. Хөдөө аж ахуйд учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинж чанарыг бүрэн дүүрэн таньж мэдэж, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч чадахгүй байгаагаас энэ салбарт гамшгийн эрсдэлээс хүлээх хохирол улам бүр нэмэгдэх боллоо.

Өнөөдөр дэлхий дахинд тохиолдож буй байгалийн дөрвөн гамшиг тутмын гурав нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд хөгжлийн түвшнээс үл хамааран бүх улс оронд нэгэн адил нөлөөлж байна. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нь аль эрт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт зэрэг гамшгийн давтамж болон далайц олшрон өсч, хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйд ажиллагсдын эмзэг байдал улам бүр нэмэгдэж байна.

Иймд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлж, арга технологио шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн улс орон бүр олон зууныг дамжин амьдарч, аж төрөхдөө аливаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга ухаан, мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн улс үндэсний уламжлалт арга ухаан, үндэсний чадварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан баяжуулж үр өгөөжийг нь дээшлүүлж байх  хэрэгтэй байна.

Энэ нь бүс нутгийн болон улс орнуудын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах замаар урт удаан хугацаанд тогтвортой хөгжих гол үндэс болох юм.

Дөрөвдүгээрт. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц болон хот төлөвлөлтийг хөгжүүлье.

Ази тив бол эрчимтэй хотжиж, дэд бүтцийг далайцтай бүтээн байгуулж буй бүс нутаг юм. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах, шинэ эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд эрсдэлийн мэдээллийг ашиглах,  түүнчлэн хүн ам суурьшихад аюулгүй, экосистемийн үйл ажиллагааг хэвийн хадгалах боломжтой, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Гамшгийг тэсвэрлэх чадвартай дэд бүтцийг барих ялангуяа сургууль, эмнэлэг зэрэг нэн чухал барилга, байгууламжийг барилгын материалын стандарт, дэлхий нийтээр мөрддөг зарчмуудын дагуу эхнээс нь зөв загвар хийцээр, аюулд тэсвэртэй барих, хүчитгэл хийх, ашиглалтын засвар үйлчилгээний соёлыг хөгжүүлэн төлөвшүүлэх нь зүйтэй. Одоогоор тус бүс нутгийн дийлэнх улс орон өөрсдийн хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байгаа хэдий ч эдгээрт эрсдэлийг тооцсон эсэхийг дахин  нягтлах шаардлага байгаа гэж үзнэ.

Хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох нь тогтвортой хөгжлийг хангах нэг үндсэн нөхцөл гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна.

Тавдугаарт. Гамшигт тэсвэртэй байх чадварыг бизнесийн байгууллагуудад бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжье.

Ази, Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 гаруй хувь оршин сууж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний тэн хагасыг үйлдвэрлэж байна. Энэ утгаараа тус бүс нутгийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийн сүлжээ өөр хоорондоо маш нягт уялдаатай тул ганц удаагийн гамшиг бүс нутгийн эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл үүсээд байна. Иймд ханган нийлүүлэлтийн сүлжээний бүх шатанд бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, бизнесийн байгууллагууд өөр өөрийн онцлогт тохирсон гамшгийн эрсдэлийн удирдлагын загварыг  нэвтрүүлж, байгууллагынхаа гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлагатай байна. 2011 онд Японы зүүн эрэгт болсон газар хөдлөлт болон Тайландад болсон үер зэрэг томоохон гамшгаас авсан нэг том сургамж бол хувийн хэвшил маш сайн бэлтгэлтэй байх нь үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хохирлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй явдал юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлын үр ашиг нь гамшгийн дараах аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны зардлаас хавьгүй бага байдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хамтран ажиллаж, нөөц, мэдлэг туршлагаа нэгтгэж, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь маш чухал болоод байна.

 

Зургаадугаарт. Тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлье.

Дэлхийн болон бүсийн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, улс орнуудын хандив, татвар зэрэгт түшиглэн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн хамтын ажиллагааны санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Энэ нь бүс нутгийн гамшигт өртөмтгий хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, шинжлэх ухаан, судалгааны байгууллага, хувийн хэвшил, бусад холбогдох талын гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хөгжүүлэхийг дэмжих хамтын хүчин чармайлт, хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулах боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрхэмсэг хатагтай ноёдоо,

Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн оновчтой, өргөн хүрээтэй, хариуцлагатай шийдвэр гаргаж, туршлага солилцохоор энд хуран цугларсан төлөөлөгчид та бидний  хэлэлцүүлгийн дүн, цаашдын хамтын ажиллагаа  нь улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулах, бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн хангахад  онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдэвт Азийн сайд нарын II  бага хурлыг амжилттай зохион байгуулж, цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллах  эрмэлзэл төгс байгааг дахин нотолж байна.

Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон хамтран ажилласан та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гамшгийн эрсдэлийг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй, хүн бүрт тэгш хүртээмжтэй тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хамтдаа зүтгэе.