Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын онцлох хоёр хуралдааныг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байна. “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёрдахь онцлох хуралдаан эхэллээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны баримт бичиг”-т үндэсний, орон нутгийн, олон улсын болон бүс нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлээс оруулах хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэж, аль салбарт хэрхэн яаж хэрэгжүүлэхийг тодорхойлж өгсөн байдаг.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж буй Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд экологи, байгаль орчны доройтол, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих, техник технологийн шинэ ололтыг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү хуралдаан чухал нөлөө үзүүлэх юм.
Улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлээс оруулж буй хөрөнгө оруулалтын хувьд санхүү, даатгал, барилга, дэд бүтэц, мэдээллийн технологи болон харилцаа холбоо, ахуй үйлчилгээ, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, сургалт, сурталчилгааны салбарт ихэнх хувийг эзэлдэг байна.
Тиймээс энэхүү хуралдаанаар оролцогч улс орнуудад гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын тэргүүн туршлага, ололт, амжилттай танилцаж, харилцан туршлага судлах, ямар салбар, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал зөвлөмжийг гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.