АТГ дахиад л эрх баригч намын бууны нохой болов уу?

АТГ дахиад л эрх баригч намын бууны нохой болов уу?

Авлигатай тэмцэх газраас өчигдөр ээлжит мэдээллээ олон нийтэд дэлгэв. Мэдээлэл гэхээсээ илүү хэн нэгнийг айлгах гэсэн, эсвэл асуудлыг дэвэргэх гэсэн зориуд тарааж буй өгөөш хэмээн нийгмийн зарим хэсэг нь хүлээн авдаг боллоо.

Тодруулбал энэ удаагийн Авлигатай тэмцэх газрын мэдээллийн гол үндсэн бай нь У.Хүрэлсүхийн засгийн газрын зарим сайд нарт зориулагджээ. Улс төр наанаа нам жим, ажин түжин байгаа мэт боловч хачир дээрээ харин ч доргиотой, улс төрчдийн тогтворгүй, байр суурь үгүй бачуурал зарим нэг эрх мэдэлтэй хүмүүсийн толгойны өвчин, шүдний зовиур болж байгаа нь гарцаагүй.

2018 оны 10 сард Засгийн газрыг хөдөлгөөнд орж болзошгүй хэмээн олон хүн таамаг дэвшүүлж байгаа. Гэвч 10 эсвэл 11 сард Засгийн газрын бүрэн эрхийг хугацаа дуусч болзошгүй талаар олон нийт өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлээд эхэллээ.

Авлигатай тэмцэх газар чухам яагаад Сарангэрэл гэдэг хүнийг нэр цохож, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн албан ёсоор зарлав. Үүний цаана У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагаах энэ мэт олон асуудал байгаа шүү гэдгийг хүчний байгууллагын “ХҮНЛЭГ” сүрдүүлгээр хөөрхөн сануулчихав бололтой.

Сарангэрэл бол У.Хүрэлсүхийн фракцын хүн биш. Харин Сү.Батболдын талынх. Тэгэхээр У.Хүрэлсүх болон М.Энхболд гэсэн өрсөлдөөний нэг үзүүрт Сү.Батболдын хүч хэрэгтэй. Хэн нь түүнийг өөртөө татаж чадна тэр энэ тулаанд ялна гэсэн үг. Яг энэ зарчмаар өнгөрсөн жил У.Хүрэлсүх ялалт байгуулж, МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг авч чадсан. Харин өнөөдөр яг л өөрийнхөө ухсан нүхэнд унаж өнөөх албан тушаалаа тушааж мэдэхээр байна.

Авлигатай тэмцэх газрын хувьд олон улс төрчийг намнах, ангуучлах, эсвэл амбиц, эрх ашгийг нь чөдөрлөх хэрэгсэл болох болсон гэж олон нийт харддаг болоод байна. Үүнийг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлэлтэй хэмээн явган яриа, нийгмийн сүлжээнд бичих иргэдийн сэтгэгдэл зэргээс харж болно. Өнөөдөр уг гажуудлыг эрх баригч нам болох МАН улам бүр лавшруулж, өөрсдийгөө намнах сонгодог хувилбар болгон ашиглаж байна хэмээн шуугьж эхэллээ.

Түүний хамгийн сүүлийн жишээ нь Авлигатай тэмцэх газраас мэдээлэл болгон тараасан Эрүүл мэндийн сайд Сарангэрэл өөрийн туслах, хүүхдийнхээ жолоочийг ажилд авсан явдал гэх. Мөн Эрчим хүчний яамны удирдлагууд олон тэрбум төгрөгийн тендерийг завшсан гэх мэдээлэл юм. Энэ бүхний цаана анхааруулга, бас сануулга сайд нарт илгээж байна.