Амлалтаа умартаж, ажлаа ял мэт үүрдэг хэсэг бүл эрх мэдлийг атгаж, иргэдийн өмнөөс нойр хоолоо умартан хөдөлмөрлөж байгаа мэт гомдол тээсэн үг, өгүүлбэрийг өдөр бүр хэлдэг болчхож. МАН-ын дарга нар 2016 оны сонгуульд том амлаж, төрийг төвхнүүлж, түмэн олныг ажилтай, асуудлыг нь шийднэ хэмээн амлаж гарч ирсэн.
Амлалтаа мартаж, асуудал бүрийг өмнөх төр засгийн удирдлагатай холбож, түмэн зовлон тоочиж суусаар өнөөдрийг хүрэв. Одоо юм л бол ажил хийх гэсэн чинь өртэй байсан. Өнөөх өрийг дарж суусаар өдөр хоногийг өнгөрөөж байна хэмээн өмөлзөх болов.
Тухайлбал хавар, зун, намар гэсэн гурван улирал дамнуулан Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дарж барагдуулсан өр төлбөрийнхөө тухай өрөвдүүлэх гэсэн мэт өмөлзөж суудаг болжээ. Ярилцлага өгсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгонд л өр барагдуулж байна. Өрийг тэглэх гэж зүтгэж байна хэмээн тоть мэт давтах болов.
Яг үнэндээ өр барагдуулаад өнөөх нь шингэрчихсэн үү гэхээр бас тийм биш юм аа. Төрийн залгамж халаа гэж нэг зарчим байдаг. Энэ зарчмын хүрээнд өмнө нь амлаж, авсан зээлийнхээ хүүг төлөх, эсвэл үндсэн зээлээ төлөх зарчмаар л явж байна. Ч.Хүрэлбаатар биш өөр хэн нэгэн сангийн сайдаар ажиллаж байсан бол хийх л ёстой ажил. Чингис бондын зээлийн төлөх хугацааг хойшлуулчихсан. Үүнийгээ төлчихлөө гэж эндүүрээгүй гэдэгт найдаж байна. Өр төлнө гэдэг бол өөр ойлголт гэдгийг эрхэм сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэж байгаа. Хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхдөг төсвийн буруу гажуудлыг засах тал дээр Ч.Хүрэлбаатар ажиллаж байна. Үүнийг бол сайшаах хэрэгтэй. Харин энэхүү ажлаа өр дарсан мэтээр өмөлзөж, өрөвдүүлэх нь зүй бус хэмээн шүүмжлэх хэсэг байна.
Сангийн сайдын сайхан үйлдэл хэмээн бодоод сурталчилгаа явуулаад байгаа арга барилаас эрхэм хотын дарга С.Батболд суралцсан бололтой. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн засаг дарга нууцхан зар түгээж, тодорхой хүрээллийн сэтгүүлчдийг уулзалтад урьж, хийсэн ажлаа танилцуулжээ.
Хот ба сэтгүүлч хэмээх уулзалтаар хөндөгдсөн нэг сэдэв бол 2016 оноос хойш Улаанбаатар хотын 100 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан гэх мэдээлэл. Энэхүү мэдээллийг олон нийтэд түгээхдээ Улаанбаатар өр үгүй боллоо гэсэн өнцөг байжээ. Хот өртэй хэвээрээ гэдгийг албаныхан ам уралдан ярьж байна. Улаанбаатар хотын харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, агентлаг, хэрэгжүүлэгч байгууллага зэрэг нь он удаан жил дамжсан олон сая, тэрбум төгрөгийн өртэй. Үүн дээр нэмээд Улаанбаатар хотын одоогийн удирдлага шинэхэн өр үүсгэчхээд яваагаа хаашаа нуусан юм бол. Тодруулах юм бол Улаанбаатар хотын захиргааны байрыг яармагт барихаар болсон. Уг барилгын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай мэдээлэл гарч байв. 60 гаруй тэрбум төгрөгөөр баригдах уг барилга нь концессын зарчмаар баригдана. Тэгэхээр 2 жилд 100 тэрбум төгрөгийн өр дарсан гэх Нийслэлийн засаг дарга С.Батболд нөгөө гараараа ганц байшин бариулахын тулд 60 тэрбум төгрөгийн өрийг тавьж байгаа бололтой. Нийслэлийн засаг захиргааны шинэ байрыг Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 0,9 га талбайг хамруулах барихаар төлөвлөсөн гэдэг мэдээлэл гарч байв. Уг ажлыг ямар ч тендергүйгээр Темпланд” ХХК гэдэг аж ахуйн нэгж авсан. Нийслэлийн засаг захиргааны зүгээс уг барилгыг бариулахаар 3 компанид хүсэлт явуулж, ганц хариу өгсөн нь “Темпланд” ХХК гэж танилцуулдаг. Тухайн компанийн талаар мэдээлэл хайхаар тодорхой мэдээлэл олдоггүй юм. Ийм л байдлаар Улаанбаатар хот өрнөөсөө салсан гэдэг сайхан мэдээний цаана өрөнд дахин орж байгаа бололтой. Засаг захиргааны байшин бариулах гэж хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байгаа засаг дарга С.Батболд бусад салбартаа хэчнээн төгрөгийн зээл тавих гэж байгаа нь одоохондоо бүрхэг байна.
Өр дарчихлаа гэсэн өрөвдүүлэх гэсэн шоу тань үнэн хэрэгтээ ажлаа муу хийсэн гэдгээ аргалах гэсэн аминчхан пиар чинь биш гэж үү эрхэм сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нараа.