Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг ёс зүйтэй улс төр Монгол улсад байсан бол хэдэн ч удаа огцорчихов доо. Ийм үгийг олон иргэн өгүүлэх болжээ. Ялангуяа нэг сайд эмэгтэйд хандаж уг үг дайгдах болоод хэдэн сар болчхов.
БСШУС-ын сайд Б.Цогзолмаа гэдэг эмэгтэй улс төрч бүсгүй олон жил улс төрд явсан ч үгийн алдаа, үйлдлийн алдаа олон гаргадаг нэгэн бололтой. Б.Цогзолмаа сайд 2018 оны 06 сард Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх үед Ливерпуль улсын багийг дэмжиж байгаа хэмээн онигоонд орчихсон. За үүнийг нэг удаа уучилчихая. Хөл бөмбөгийн спортыг дэлхий дээрх 7 тэрбум хүний тал нь үздэг гэдэг. Гэхдээ үздэггүй талынх нь нэг нь Б.Цогзолмаа сайд байж гэж бодъё. Уг нь бол Монгол улсын спортыг хариуцаж байгаа сайд шүү дээ.
Хэдхэн хоногийн өмнө Б.Цогзолмаа сайд хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгаж болох үг хэлсэн. Бүхэл бүтэн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг хариуцаж байгаа сайд атал Япон улсыг Бүгд найрамдах Япон улс хэмээн үгийн алдаа гаргав. Шүүмжлэл өрнөж, сайдтай хариуцлага тооцох талаар олон иргэн гомдол тээсэн өгүүлбэр нийгмийн сүлжээнд шидсэн ч сайд нүдэн балай, чих нь дүлий мэт өнгөрөв. Засгийн газар ч уг асуудалд нүдээ аниад, амаа үдүүлсэн мэт чимээгүй хаячихлаа.
Боловсролын сайдын бодлого үгүй үг, бас үйлдэл нь энэ өдрүүдэд үргэлжилж байна. Монгол улсын боловсролын салбарт ажил хаялт үргэлжилж байна. Өдөр бүр нэг сургууль, нэг цэцэрлэг нэмэгдэж ажил хаялтад нэгдэх болжээ. Харин Ч.Хүрэлсүхийн засгийн газраас багш нарынхаа үгийг сонсож, үйлдлийг нь засах тал дээр санал санаачлагатай алхам хийх нь хойрго гэхэд болно.
Харин ч салбар хариуцсан сайд нь ажил хаяж байгаа багш нарыг зэмлэж сууна. Сайдынхаа зэмлэлийн сонссон зарим хурган дарга нарын хувьд асуудал тариад байх юм бол ажлаас нь халж, өөр хэн нэгнийг багшаар авчихна шүү хэмээн айлгаж эхэлсэн мэдээлэл чих дэлсэх болов. Үүнийг гэрчлэх мэт багшлах эрхийн гэрчилгээ аваагүй зарим нэг багш гэж өөрийгөө нэрийдсэн хүмүүс ажил хаяж байгаа багш нарыг шүүмжилж, өөрсдөө багшлахад бэлэн хэмээн ярьж явах болжээ. Үүний цаана улс төржсөн, удиагүй арьсаа хамгаалсан дарга нарын үйлдэл нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг олон иргэн хардаж байгаа гэдгээ нийгмийн сүлжээнд илэрхийлэх болжээ.
Өнөөдөр 117 сургууль, цэцэрлэгийн 5000 орчим багш ажил хаялтад нэгдээд байна. Тэдний хувьд одоо байгаа цалинг 15 хувиар нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байгаа гэнэ. Үүнд ойролцоогоор 35 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг засгийн газар шийдэх боломж байна. Гагцхүү яриа хэлэлцээрийн ард сууж, шийдэл ярихгүй байна хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл бухимдаж сууна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд бараг л нэг их наяд төгрөгийн асуудал хөндөгдөнө хэмээн ярьж байгаа. Багш нарын хувьд цалингаа 1,6 сая төгрөг болго гэж шаардахгүй. Гагцхүү 15% нэмүүлэх хүсэлтэй гэдгээ өнөөдөр хийсэн эсэргүүцлийн жагсаал дээрээ мэдэгдэж байлаа.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар салбар хариуцсан сайд Б.Цогзолмаа нь гадаадад томилолтоор ажиллахаар явсан гэнэ. Цагаа мэдэрдэггүй, цадиг үгүй үг хэлчихдэг сайдтай хариуцлага тооцож, ажил хийж чадах, асуудлаа мэддэг сайдтай болох цаг болчихсон юм бишүү энэ боловсролын салбарт.