Уул уурхайн хөрөнгө оруулагчид хувьцааг сонгож байна

Уул уурхайн хөрөнгө оруулагчид хувьцааг сонгож байна

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа - 2018” эрдэс баялгийн чуулганд 25 орны 600 гаруй төлөөлөл оролцов. Уг чуулганаар геологи, хайгуул, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, татвар, дэд бүтэц, хууль эрх зүйн орчны талаар голлон ярилцжээ. Мөн анхаарал татсан нэг сэдэв бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт нь бодит амьдралтай нийцэхгүй байгаа талаарх салбарынхны шүүмжлэл байлаа. Тухайлбал дотоодын компаниуд эрсдэлээ 100 хувь үүрч сонгон шалгаруулалтад оролцдог. Гэтэл тухайн талбайд ашигт малтмалын илрэл хангалтгүй байдаг учраас хөрөнгө оруулсан компаниуд олон тэрбум төгрөгөөр хохирч, зөвшөөрөл олгосон төр ямар ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болсон. Тиймээс энэ салбарын хөрөнгө оруулагчдаа дэмжих зорилгоор тухайн компанийн туршлага, геологи хайгуулын ажлыг нь харгалзан үзэж сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгож байх нь чухал гэдгийг энэ салбарынхан онцолж байлаа.

Түүнчлэн энэ онд 100 гаруй талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор Засгийн газраас солбилцлыг  нь баталж, 25 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцжээ. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй сонгон шалгаруулалтаас цааргалах болсноор энэ хэмжээний хөрөнгө төсөвт төвлөрөхгүй нь тодорхой ажиглагдаж байна. Учир нь уул уурхайн үндэсний компаниуд өндөр босготой сонгон шалгаруулалтад ялахын тулд маш өндөр үнийн санал өгч хоорондоо өрсөлддөг. Гэтэл тухайн авсан газар нь ашигт малтмалын илрэлгүй, илрэл байлаа гэхэд зардлаа нөхөх хэмжээний олборлолт явуулах боломжгүй тохиолдол олонтаа гарсаар байна. Жишээлбэл ашигт малтмалын илрэлтэй гэж сонгон шалгаруулалт зарласан хэд хэдэн талбайд нэр бүхий компаниуд өрсөлдөж зөвшөөрөл авсан байдаг. Гэвч геологи, хайгуулын ажлын явцад уг талбай ямар ч ирээдүйгүй болох нь батлагдаж зөвшөөрөл олгосон АМГТГ-ыг буруутай гэж үзэн тэдгээр компани шүүхэд ханджээ.

Үүнээс гадна ашигт малтмалын 1000 илрэлээс 1 нь л орд болох боломжтой. Тийм болохоор уул уурхайн хөрөнгө оруулагчид өндөр эрсдэл, өндөр бооцоотой азаа үзэж байхаар хувьцаанд хөрөнгөө оруулах сонирхол нь асар их нэмэгджээ. Ялангуяа “Эрдэнэс таван толгой” компанийн 30 хувийг хувьцаа хэлбэрээр нээлттэй арилжихаар болсон нь эрсдэлээс 100 хувь сэргийлэх хөрөнгө оруулалт юм. Тиймээс компаниуд нөөцтэй эсэх нь үл мэдэгдэх талбайд өндөр үнэ төлж, геологи, хайгуулын асар их зардал гаргаж байхаар найдвартай хувьцаанд хөрөнгөө оруулахаар хошуурцгаах болов. Энэ нь нэг талаар тухайн компанийн хувьцааны үнэ өсөх, хувьцааны арилжаа өргөжих сайн талтай боловч нөгөө талдаа манай улсын эдийн засгийн 20 хувийг бүрдүүлж байгаа геологи, хайгуул, уул уурхайн салбар хөгжилгүй болон дампуурах эрсдэлийг бүрдүүлж байгаа юм. Уг нь уул уурхайн салбарт оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт 2-3 долларын хөрөнгө оруулалтыг дагуулж байдаг. Тухайлбал үйлдвэрлэл явуулж, баялаг бүтээж байгаа хөрөнгө оруулагчийн гаргаж байгаа зардалд бензин, шатахуун , хувцас, хоол унд гээд хэрэгцээтэй бүхий л бараа бүтээгдэхүүн татвартайгаа Монголд үлддэг юм. Мөн дэлхийн шилдэг техник технологи, менежментийг нутагшуулах давуу тал бий. Гэвч өнөөдөр бодит нөхцөл байдлыг үнэлэхэд геологи, хайгуулын ажлаас илүүтэй хувьцаанд хөрөнгөө оруулах нь эрсдэлээс сэргийлж, хөрөнгөө өсгөх томоохон боломж юм. Энэ боломжийг олж харсан уул уурхайн үндэсний компаниудын томоохон хөрөнгө оруулагчид хувьцаа, хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд идэвхтэй тоглогчид болох нь гарцаагүй.

                                                                                                Б.ЛХАГВА