Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдал бол нэн чухал анхаарах ёстой сэдэв. Учир нь Монгол улсын хүн амын тал нь буюу 1,3 сая иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлийн иргэдийн хагас нь орон сууцанд оршин суудаг. Орон сууцны иргэдийн ундны цэвэр усны шугам хоолой нь 1960 оноос хойш бүүрэн шинэчлэл хийгдээгүй. Хуучин цагт крантнаасаа цэвэр усаа уучихдаг байсан бол одоо тэгэх боломж алга. Орон сууцны айл өрхийн олонхи нь цэвэр усны шугам дээрээ шүүлтүүр байршуулах, эсвэл зөөврийн цэвэр ус уудаг болжээ. Үүний нэг шалтгаан нь олон жил газар дор булагдсан цэвэр усны төмөр хоолойн зэврэлт, бохирдол юм. Иймээс орон сууцны иргэдийг цэвэр усаар хангаж байгаа Ус сувгийн удирдах газрын зүгээс шат дараалалтай арга хэмжээ авч эхлээд байна. Цэвэр усны хуучирч муудсан, ашиглах боломжгүй хоолойг солих, мөн газар ухахгүйгээр цэвэр усны хоолойд шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн явдал юм.
Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах үүргийг хүлээн ажилладаг.
Нийслэл Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас:
- 310 км нь ган
- 18 шилээр хүчитгэсэн хуванцар
- 251 км нь хуванцар
- 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг.
Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай болж, шугам сүлжээнд гэмтэл саатал ихээр гарч байна. Иймээс цэвэр усны шугамыг сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас эдгээр шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлыг эхэлж байна.
Энэхүү төслийг Австри улсын Засгийн газрын 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус Улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган нийлүүлсэн.
Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологи болох Close Fit болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно.
Үүнд:
- Шугамын ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ
- Усны алдагдлыг бууруулна
- Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана
- Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна
- Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчин ээлтэй зэрэг ач холбогдолтой.
Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад энэхүү шинэ техник технологийг эзэмших сургалтанд хамрагдаж шинэ дэвшилтэт технологи эзэмшсэн. Үүний зэрэгцээ Австри улсын RTI компанийн мэргэжилтнүүд шугам угсралт суурилуулалтын үед талбайн сургалтыг зохион байгуулж, ажлын явцад хяналт тавьж зөвлөгөө өгч ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ онд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны 1,7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож засварлана.
Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжөө ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох ажлаа үе шаттайгаар хийнэ.