Эко констракшн гэж барилгын салбарт манлайлагч мэт боловч, хэл ам таталсан орон сууц, хэрүүл маргаантай баригдсан барилга байгууламжийн цаана заавал нэр нь холбогдож байх юм.
Хамгийн сүүлийн жишээ бол Замын цагдаагийн уулзварын зүүн урд талд байрлах дунд голын далан дотор барилга барих гэж зүтгэж байгаа муйхарлал юм. Улаанбаатар хотын зүүн болон хойд уулын үеэрийн уснаас хамгаалах, мөн голын ус, хөрсний усыг зайлуулах үүрэг хүлээсэн юм. Уг даланг 1960-аад онд байгуулж, 2014 онд бүрэн засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн байна. Тус даланг Улаанбаатар хотыг үеэрийн уснаас хамгаалах зорилгоор барьж байгуулсан түүхтэй юм билээ.
Гэтэл Эко констракшн гэж хууль, дүрэмд захирагддаггүй компани тус далан дотор барилга барихаар зүтгэж эхлээд байна. 2018 онд иргэн Нямдаваа гэгч этгээд далан дотор ногоон байгууламж барихаар зураг төслийг албаныханд үзүүлж явсан байна. Гэвч албаны зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажлаа эхлүүлжээ. Энэ талаар холбогдох албан тушаалтангаас тодорхой хариулалт авлаа.
Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодрууллаа.
-Энд үүсээд байгаа асуудлын талаар тодруулахгүй юу? Хэзээнээс барилгын ажил нь эхэлсэн бэ?Зөвшөөрөлтэй юу?
2018 оны 02 сарын 01-ний өдөр иргэн С.Нямдаваа ГУББГ-т үерийн даланг чинь өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжаар тохижуулж өгье хамтарч ажиллая гэсэн хүсэлт гаргасан байдаг. Ажлын зургийг нь үзтэл манай даланг дотогш нь нарийсгаж барихаар байсан тул бид зөвшөөрөөгүй. Гэтэл 2018 оны өнгөрсөн сард барилгын ажлаа эхлүүлсэн. Бид гурван удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардсан. Өнгөрсөн бямба гаригт шуурхай гурван бригадтай ирж цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан боловч ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж байна.
- Танай байгууллагатай ямар хамааралтай юм бэ?
Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалдаг, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага.
Гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой байдаг.
-Анх энэ даланг хэзээ барьсан бэ?
Иргэн С.Нямдаваагийн хууль журам зөрчөөд барилга бариад байгаа Дунд голын /Сэлбэ/ далан бол Улаанбаатар хотыг зүүн хойд хэсгийн үерийн уснаас хамгаалах зорилготой баригдаж, 2014 онд засвар шинэчлэлтийн ажил бүрэн хийгдсэн далан. Олон жилийн ус зүйн тооцоо судалгаа, инженерийн хийц зохиомжоор нэг хувийн хангамшилтай буюу 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалахаар хийгдсэн байгууламж.
Энэ далан 60 метр өргөнтэй гэтэл иргэн С.Нямдаваа үерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газартаа оруулсан байна. Цаана нь 20-хон метрийн өргөнтэй үерийн далан үлдэж байна. Тэгэхээр давтамж нь ойртсоор байгаа 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалах ямар ч чадваргүй болгож байна.
-Даланд барилга барих нь ямар эрсдэлтэй вэ?
Ихээхэн хүчтэй үер болоход хохирлын хэмжээг үнэлэхийн аргагүй байдалд хүргэнэ. Шуудхан хэлэхэд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирно гэсэн үг.
-Цаашид танай байгууллага ямар арга хэмжээ авах вэ?
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтсийг байлцуулан албадан буулгах арга хэмжээг авч байна. Ногоон байгууламж барих нэрийн дор үер усны аюул эрсдэлээс хамгаалах чухал онцгой байгууламжийг эвдэж сүйтгэж, ус өнгөрүүлэх чадварыг нь алдагдуулж болохгүй. Үерийн байгууламж хариуцдаг байгууллагын хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй.
Эко констракшн ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан олон барилга оршин суугчдыг хохироож байгаа талаар гомдол яригддаг. Үүнээс гадна тус коммпани зарим газар, байгууламжийн зөвшөөрлийг авахдаа гоё, сайхан зүйл хийнэ хэмээн хэлдэг ч хачир дээрээ том барилга барьж байгуулдаг билээ. Үүний нэг жишээ нь Тэнгис кино театрын урд талын усан оргилуур байсан талбай. Тус талбайд усан оргилуурыг шинэчлэн байгуулна гэсэн боловч өнөөдөр том оффиссын барилга барьж, түрээслэгчдийг оруулж байна. Уг барилга баригдах явцдаа нэг хүний амь насанд хүрсэн гашуун түүхтэй билээ.
Ийм байхад дахиад л нийтийн эзэмшлийн, Улаанбаатар хотын үеэр усны аюулыг хамгаалж байгаа газарт барилга барихаар улайрч эхэллээ. Улаанбаатар хотын ашигтай, байрлал сайтай газар бүрт барилга барих гэж зүтгэдэг Эко констракшн буюу иргэн Нямдаваа гэгчийн үйлдлийг хэн таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх вэ?
эх сурвалж: arslan.mn