Үлгэрч өвөө, эмээ уралдаан болно

Үлгэрч өвөө, эмээ уралдаан болно


Монгол ардын үлгэр, домог нь эртнээс эдүгээ хүртэл аман болон бичгийн соёл уламжиллаар дамжин өвлөгдөж цаг хугацааны уртад хөгжлийн дээд төвшинд хүрсэн манай ард түмний оюуны соёлын үнэт өв билээ. Билэг билгүүний их сан болсон ардын аман зохиолын тэрхүү эрдэнэсийн сангаас “Үлгэр” хэмээх төрөл зүйлийг сонгон авч үр ач , хойч үедээ уламжлуулан үлдээх, түгээн дэлгэрүүлэх, хүүхдүүдийнхээ ертөнцийг үзэх үзлийг зөв төлөвшүүлэх, тэдний соёл гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор Монгол Улсын Хүүхэлдэйн Театр “Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийг 2 дахь удаагаа санаачлан зохион байгуулж байна. 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа энэхүү уралдааны гол ач холбогдол нь биет бус өв болох үлгэр туульсыг ахмад үеэсээ уламжлан авч үлдэх, театрын урын санд уран бүтээл болгон баяжуулах ач холбогдолтой юм. Уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд шат тус бүрт нэг нэг үлгэр ярина.
I шат: Оролцогч нь 1-р шатанд түгээмэл биш ухааны, аж байдлын, сургаальт үлгэрийг сонгон авч хэл найруулгын зөв хэмнэлд оруулан бэлдэх, үлгэрээ хүүрнэн ярихдаа 5-8 минутын хугацаанд багтаан бэлдэж, тайзны соёл, хувцаслалтанд хувийн зүгээс анхаарна. 1-р шатанд оролцож байгаа оролцогч ганцаараа оролцоно. Үлгэрийг хүүрнэн ярихдаа зохиогчтой бүтээл ашиглахгүй болно.
II шат: Энэ шатанд оролцогч өмнөх шатанд ярьсан үлгэрээ давтахгүй бөгөөд шидэт үлгэр сонгоно. Эерэг хөгжилтэй, хүүхэд багачуудыг уйдаахгүй, онц сонирхолтой үлгэр сонгож тайзны жүжигчилсэн хэлбэрт оруулна. Сонирхолтой болгох үүднээс тайз, жижиг хэрэглэл, хүүхэлдэйг сонгож болно.
Мөн өөрийн тухай үлгэр зохиож ярина. Үлгэрийг 3 минутанд багтаан ярьж үлгэр зохиох, ярих, жүжиглэх чадварыг харуулна.Уралдааны шүүгчээр МУГЖ Т.Чаминчулуун, СГЗ хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, МУХТеатрын ерөнхий найруулагч СТА М.Ариунтуяа ажиллана. Уралдаан нь хасагдах журмаар явагдана. 2-р шатанд 10 шилдэг үлгэрч өвөө эмээ нарыг үлдээн шилдэг 10 оролцогчоос Тэргүүн байр, дэд байр, гутгаар байрыг шалгаруулна.
- Үлгэр сонгосон байдал /агуулга, ач холбогдол, оновчтой хэллэгээр баяжуулсан байдал/
- Ярих чадвар, тод хэллэг /ардын аман зохиолыг тод хэллэгээр ярих, бичгийн хэлээр биш үлгэр ярих уламжлалт аман хэллэгээр ярина./
- Илэрхийлэх чадвар хүртээмж /жүжиглэлт болон тайзан дээрх байлдан дагуулалт, үзэгчдийн үнэлгээ уран чадварыг харгалзана./
Шагналын сан:
Тэргүүн байр: Өргөмжлөл, 1,000,000 /нэг сая/ төгрөг.
Дэд байр: Өргөмжлөл, 800,000 /найман зуун мянга/ төгрөг.
Тусгай байр: Өргөмжлөл, 500,000 /таван зуун/ төгрөг.